2020-02-27

Монгол улс Хятадын ард түмэнд 30 мянган бог мал хандивлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон. Бээжин хотноо хоёр орны төрийн тэргүүн нар уулзаж, хэлэлцээ хийлээ. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Манай улсын Засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа  үед Монголын Засгийн газар, ард түмэн бидэнд сэтгэлийн нандин туслалцаа дэмжлэг үзүүлж байгаад маш их талархаж байна. Хятад-Монгол хоёр улс харилцан нэгнээ түшиж, хамтдаа хүнд үеийг таван туулцгаая. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирус өвчний дэгдэлт гарснаас хойш БНХАУ-д айлчилж буй анхны гадаад улсын төрийн тэргүүн юм. Таны айлчлал Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг нотолж байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэ хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна” гэлээ. Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой бог хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

TAGS: