Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэнд дэвшүүллээ. Тэрбээр эл баярын өдрөөр ажлын байран дээрээ, албан үүргээ гүйцэтгэж яваа эмэгтэйчүүдтэй биечлэн уулзаж, улаан сарнайн баглаа бэлэглэсэн байна. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе. Монгол эх орон, ѳрх гэр, өөдлөх амьдралын ѳнгѳ, түшиг, ур ухаан нь болсон үзэсгэлэнт ээжүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье!
Та бүхний минь халамж, хайрын илчинд монгол түмэн өнгө засаж, хатан ухааны тань нөмөрт улс үндэстэн минь хѳгжин цэцэглэж, дэлхийд дуурсагдах зуун зууны түүхээ бүтээж ирсэн билээ. Хатан зоригт монгол эмэгтэйчүүдийн Улс үндэстнийхээ түүхэнд байгуулсан гавьяа, үлдээсэн ѳв, соёлыг монголчууд бид төдийгүй Төв Ази даяараа мэдэх билээ. Энх цагт эх орныхоо, их хотынхоо хөгжлийн тэнг таталцаж, ачааны хүндийг ажрахгүй үүрэлцэж яваа ээжүүд, эмэгтэйчүүддээ эрчүүд бид онцгойлон талархаж, бүх талаар дэмжин ажиллах учиртай.
Иймд охид бүсгүйчүүд, ээжүүд, эмэгтэйчүүдээ хөгжих, хөдөлмөрлөх тэгш боломжоор хангах, нийгэм, эдийн засгийн тѳдийгүй улс төрийн идэвхи оролцоог нь бодитойгоор нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Хорвоогийн хосгүй сайхан цэцэгс болсон Та бүхэн аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энх, инээд баяслаар бялхаж явахын ерөөл дэвшүүлье
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан