Дэлхийн өнцөг булан бүрт МОНГОЛ ХҮН асгасан шагай шиг тархан амьдарч байна. Тэд харийн нутагт хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгоо гүйцэлдүүлээд тэмүүлэл дүүрэн эх орондоо ирэх чин хүсэлтэй. Яг энэ цаг мөчид Дэлхийн олон оронд тэр дундаа Итали улсад “COVID-19” цар тахлын улмаас амиа алдагсад цаг, минут тутамд нэмэгдэж байгаа билээ.
~Нийт халдвар авсан иргэд 97689, вирусийн улмаас нийт 10.779 хүн нас бараад байна /2020-03-30/~
Энэ аймшигт цаг дор хүний нутагт бүдчиж яваа “Монгол ахан дүүс ээ” гэсэн дотно сэтгэл, бахдам УРИАЛГА эрхгүй нэгийг бодуулах шиг… Энэхүү уриалга нь олон олон Монголчуудын баяр бахдалыг төрүүлж, дэлхийн хаана ч биенээ гэх халуун сэтгэлийг улам өрдсөн биз ээ.
Түүнийг Самдансүхийн С.Алтансүх гэдэг. Тэрээр Европт амьдраад 12 жилийн нүүр үзсэн бөгөөд бусдын л адил цагаачилсан нэгэн. Цагаачийн мөнгөөрөө зугаалдаг, Франц-Итали улс хооронд ажиллаж, амьдардаг аж. Харин хоёр жилийн өмнөөс Франц, Итали болон Испанид үйлдвэрлэсэн гутлыг Монгол руу гаа явуулж маш хямд борлуулдаг онлайн худалдааг /Europoos.com/ хийж эхэлсэн аж. Монгол ахан дүүстэй жинхэнэ чанартай барааг хамгийн хямд үнээр хүргэх чин хүсэлтэй нь хийж буй “live” бичлэг бүрээс нь мэдрэгдэх шиг.
С.Алтансүхийн гэр Францад байдаг бөгөөд тэндээ ээж, аав, ах дүүсийн хамтаар амьдардаг. Франц, Италийн хооронд ирэн очин байдаг учир Италид байр түрээсэлдэг юмсанж. Хүний нутагт хорионд орж, хөлд алдан хоног төөрүүлэх газаргүй яваа Монгол ахан дүүс ээ гэртээ байлгаж, хоол цайгаар дайлах чин хүсэлтэй буйгаа ийн мэдэгдсэн юм.
“Италийн Наполи хотоос энэ өдрийн мэндийг хүргэж байна. Энд их хэцүү байна. Италид буудлаар хоноглож буй Монголчууд надтай холбогдож манай гэрт амьдарч болно шүү. Таван өрөө байр учраас дотроо хангалттай зайтай. Хөнжил, гудсаа аваад ир. Монголчууддаа эрүүл, энхийг хүсье. Хайртай шүү”
хэмээсэн юм.
ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ
Б.Хонгорсайхан