​Эрдэмтэд: ‘COVID-19 вирус зун саармагжиж, өвөл идэвхждэг гэх нь ердөө таамаг төдий

1254

Дэлхийн хамгийн шилдэг их сургууль гэгдэх Массачусетсийн технологийн их сургуулийн “MIT Technology Review” сэтгүүлийн зүгээс “COVID-19”-тэй холбоотой хамгийн чухал асуултуудад статистик тоо баримт, эрдэмтдийн судалгаа, нотлох баримтуудыг түшиглэн хариулсныг эмхтгэн хүргэж байна.

“COVID-19”-ийн халдвар авсан хүнд үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрдэг үү?

Их Британийн Чих, хамар, хоолойн мэргэшсэн эмч нарын холбоо буюу “ENT UK”-ын зүгээс “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдэд үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах шинж тэмдэг илэрч байгаа талаар мэдээлсэн. БНСУ-д бүртгэгдсэн “COVID-19”-ийн халдвар авсан нийт тохиолдлын 30 хувьд нь “anosmia” буюу үнэрлэх мэдрэмж алдагдаж байсан нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийн дунд хамгийн түгээмэл хэлбэрийн шинж тэмдэг байжээ. Германд нийт халдвар авсан хүмүүсийн гуравны хоёрт нь “anosmia” шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ энэ нь тийм ч гайхмаар зүйл биш. Учир нь үнэрлэх мэдрэмж алдагдах нь вирусээр үүсгэгдсэн халдваруудын хувьд түгээмэл тохиолддог, ердийн шинж тэмдэг юм. Вирусийн гаралтай халдвараар өвчлөгчдийн 40 хувьд нь энэхүү шинж тэмдэг илэрдэг. “ENT UK”-ын мэдээлснээр “COVID-19”-өөс өмнө гарч байсан бусад төрлийн коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлуудын 10-15 хувьд нь “anosmia” илэрч байжээ. Харин шинэ коронавирусийн хувьд үнэрлэх мэдрэмж алдагдах шинж тэмдэг илэрч байгаад мэргэжилтнүүд ихэд анхаарлаа хандуулж байгаа нь ихэвчлэн хөнгөн хэлбэрээр өвчилсөн бүлэгт хамаарч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл халуурах, ханиалгах, амьсгалын замын дутагдал үүсэх зэрэг ноцтой шинж тэмдэг илрээгүй буюу өөрийгөө халдвар авсан болохоо мэдэлгүйгээр бусдад вирус дамжуулах эрсдэл бүхий тохиолдлууд үүнд хамаарна.

Энэ бүхэн хэрхэн төгсөх бол? 

Хэн ч хэлж мэдэхгүй. Лондоны “Imperial Collage”-ын тархвар судлаачдын үзэж байгаагаар хамгийн муу дүр зураг бол зөвхөн АНУ-д л гэхэд 264 сая хүн “COVID-19”-өөр халдварлаж, 2.2 сая хүн нас барж магадгүй гэсэн таамаглал бий. Мөн өнөөдрийг хүртэл уг вирусийн талаар маш олон зүйлс тодорхойгүй байгаагийн нэг нь симптоматик бус буюу огт шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдийн тоо юм. Энэ нь нарийн төлөвлөгөө гаргахад саад учруулж буй.

Хятадын Ухань хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анхны дэгдэлт эхэлсний дараагаар тус улсын эрх баригчид вирусийн тархалтыг түргэн няцаахын тулд аялал жуулчлалыг зогсоох, хөл хорих, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах зэргээр хатуу арга хэмжээнүүдийг боломжтой бүх замаар хэрэгжүүлсэн. Энэ нь үр дүнгээ өгсөн гэж харагдаж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын Ухань хотод гуравдагуур сарын 15-ны байдлаар шинээр халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Харамсалтай нь БНСУ болон Сингапур зэрэг орнууд Италийн нэгэн адил анхны дэгдэлтээ бүрэн хяналтдаа оруулж чадалгүй халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаанд цохигдож, вирус маш хурдан тархсанаар өндөр хөгжсөн эрүүл мэндийн тогтолцоо нь бүрэн хямралд орсон.

Эндээс харахад энэ бүхэн хэрхэн төгсөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Энэ вирусийн эсрэг эмчилгээний арга боловсруулах, шуурхай оношлуур бүтээх, хөл хорио, тархалтыг хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэх хүчин чармайлтууд хаа сайгүй хийгдэж байна. Олон сая хүний амь насыг аврах цорын ганц найдвартай арга бол вакцин гарган авах явдал юм. Харамсалтай нь вакциныг бүрэн боловсруулж дуусахад дахиад дор хаяж 18 сарын хугацаа шаардлагатай. Тэр нь үр дүнтэй байх эсэх нь өнөөдөр бас тодорхойгүй.

“COVID-19”-ийн мутац явагдах процесс хэр хурдан болж өрнөдөг вэ? 

Дэлхий дээрх ген бүрт мутац явагддаг. Үүний нэгэн адил вируст ч гэсэн мутац явагдана. Одоогийн байдлаар “COVID-19”-ийн мутацын хурдыг томуугийн мутац хурдтай харьцуулахад нэг сарын хугацаанд 8-10 дахин хурдан явагддаг гэж тодорхойлж байгаа. Эрдэмтэд цаашид энэ асуудлыг илүү нарийн судлахын хэрээр уг тоо улам тодорхой болж ирнэ.

Өнөөдрийн байдлаар хийгдсэн судалгаануудыг үндэслэн нарийн дүгнэлт хийх боломжгүй. Вирус илүү хүчтэй, эсвэл улам аюултай болж хувьсан өөрчлөгдөхийн тулд олон генетик мутац шаардлагатай байдаг. Одоогоор хийгдсэн судалгаануудаас харахад хамгийн өргөн хэмжээнд тархсан хүнд халдварладаг хоёр коронавирусийн омгууд нь өөр хоорондоо ердөө 0.007 хувиар ялгарч байна. Тиймээс нэгнийх нь вакциныг гарган авсан тохиолдолд нөгөөд нь нөлөөлөхгүй гэх үндэслэл байхгүй.

“COVID-19”-ийн халдвараас эдгэсэн хүн дахин халдвар авах боломжтой юу?

Эдгэсэн хүмүүсээс дахин халдвар авсан цөөн хэдэн тохиолдол одоогоор бүртгэгдээд байна. Үүнийг маш ховор тохиолдол гэж үзэж болохоор байгаа. Тухайлбал, БНХАУ-д нийт халдвар авсан хүмүүсийн 0.2 хувиас цөөн тохиолдолд нь дахин халдвар авсан явдал бүртгэгдсэн.

Эрдэмтэд одоогоор уг вирус болон “COVID-19”-өөр халдварлагдсан хүмүүст хэрхэн дархлаа тогтдог талаар хангалттай сайн мэдэхгүй байна. Гэсэн ч зарим эрдэмтдийн хувьд дахин халдвар авсан хүмүүсийн шинжилгээнд механик алдаа гарсан гэх байр суурийг илэрхийлжээ.

Хаврын улирал ирж, дулаарч байна. Энэхүү вирусийн тархалтад цаг агаар хэр зэрэг нөлөөтэй вэ?

Эрдэмтдийн хувьд “COVID-19” нь ердийн ханиадны вирусийн адил өвлийн улиралд идэвхжиж, зуны улиралд саармагждаг уу гэх асуудал өнөөдөр маш том асуултын тэмдэг болоод байна. Хариулт нь тодорхойгүй ч хэрэв вирусийн шинж чанар нь цаг агаар, улирлаас хамааралтай тохиолдолд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст халдварын тархалт хурдан нэмэгдэх магадлалтай. Тиймээс бид үүний эсрэг төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлуудын 95 хувь нь Цельсийн хасах хоёроос нэмэх арван хэмийн цаг агаартай үед бүртгэгдсэн бөгөөд энэ нь “COVID-19” сэрүүн уур амьсгалд илүү халдварладаг болохыг харуулж байгаа. Гэхдээ энэхүү судалгааг одоогоор баталгаажуулаагүй байна.

Гэсэн ч цаг агаар, улирлын шинж чанараас гадна маш олон хүчин зүйлс вирусийн тархалтад нөлөөлдөг. Бид энэхүү вирустэй танилцаж, судалж эхлээд ердөө гурван сарын нүүрийг үзэж байгаа бөгөөд улирал солигдох үед ямар өөрчлөлт гардаг болохыг огт хараагүй байгаа. Вирус зуны улиралд саармагжиж, өвлийн улиралд идэвхэждэг гэх асуудал нь ердөө таамаг төдий юм.

Халдвар авсан өвчтөн хэр удаан хугацаанд халдвар дамжуулагч хэвээр байх вэ?

Германы эрдэмтдийн хамгийн сүүлд хийсэн судалгаагаар халдвар авсан өвчтөнүүдэд тодорхой шинж тэмдгүүд илэрч эхлэхээс өмнө болон илэрч эхэлсэн эхний долоо хоногт бусдад халдвар дамжуулах эрсдэл хамгийн өндөр гэж тодорхойлсон. Шинж тэмдгүүд халдвар авснаас хойш 2-14 хоногийн хугацаанд илэрдэг гэж үзэж байгаа. Зарим судалгаанд энэ тоог 21 хоног хүртэл гэж тодорхойлсон.

Германы эрдэмтдийн энэ судалгаанд өвчтөнд шинж тэмдэг илэрснээс хойш 8-10 хоногийн дараа бусдад халдварлуулах байдал буурдаг гэж үзсэн. Энэ нь “COVID-19”-өөр халдварласан өвчтөний биед вирус эхэн үедээ маш хурдтай халдварлах боловч антибоди идэвхжиж, дархлаа тогтож эхэлснээр хүний биеу уг вирусээс хурдан ангижирдаг болохыг харуулж байна. Энэ процесс ихэвчлэн 6-12 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Бусад судалгаануудад энэ хугацааг 20-37 хоног үргэлжилдэг гэх зэргээр өөр өөрөөр тодорхойлсон.

“COVID-19”-ийн эсрэг тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагуудад ямар тоног төхөөрөмж, технологи хомстож байна вэ. Учир нь эмнэлгүүдэд маш олон хүн эмчилгээнд хамрагдаж чадахгүй, гадуур өчнөөн хүн шинжилгээнд хамрагдаж чадахгүй байна.? 

Хамгийн хэрэгцээтэй тоног төхөөрөмж бол амьсгалын аппарат, уушги орлуулагч төхөөрөмжүүд юм. “COVID-19” бол амьсгалын замын цочмог үрэвсэл үүсгэдэг вирус. Тиймээс хүндээр өвчилсөн өвчтөнүүдэд амьсгалын аппарат залгах, эсвэл уушгины үйл ажиллагааг механикаар оруулах шаардлага тулгарч байна. Гэвч яг энэ цаг үед АНУ-ын хэмжээнд ердөө 160000 амьсгалын аппаратын хүрэлцээ бий. Халдварын тархалт өнөөдрийнхөөс нэмэгдсэн тохиолдолд энэ бол маш хангалтгүй тоо. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын бизнесийн загвар нь үйлдвэрлэлийн тоог нэмэгдүүлэхэд огт чиглэгдээгүй. Тэд энэ байдлыг өөрчлөхөөр шаргуу ажиллаж эхэлсэн.

Бас оношлуурын тоног төхөөрөмжүүд чухал. Оношлуур хүрэлцээгүй бол хэн халдвар авсан болохыг мэдэхгүй. Халдвартай хүмүүсийг оношилж, тусгаарлаж чадахгүй бол ямар ч хөл хорио, хязгаарлалт тогтоогоод нэмэргүй. Үр дүнд нь халдвар авсан эсэхээ мэдэхгүй олон хүн цааш илүү олон хүнд вирус халдааж эрүүл мэндийн тогтолцоонд хямрал нүүрлэх болно. Нэгэнт эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлэхээ боливол хэдэн ч амьсгалын аппарат, уушги орлуулагч байгаад нэмэргүй. Бидэнд одоо вирусийн эсрэг эмчилгээ болон вакцин боловсруулах ажлуудыг дэмжих нь хамгийн чухал, тулгамдсан асуудлууд болоод байна.

Эх сурвалж: MIT Technology Review 

 

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу