Сүүлийн үед манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж байгаа. Өнгөрсөн 2019 онд Монголын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 45757 газар хөдлөлт болсон.
Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 30 гаруй, хил орчмын бүсэд 15657 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс 3-3.9 магнитудын газар хөдлөлт 150, 4-4.9 магнитудын газар хөдлөлт 23, 5-5.9 магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болжээ.
ОБЕГ-ын дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж. Дамдинсүрэнтэй ярилцлаа.
-Сүүлийн үед газар хөдлөлт ойрхон болж байгаа. Энэ он гарснаас хойш нийтдээ хичээн газар хөдлөлт болсон вэ?
-Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сараас гуравдугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд 17 мянга гаруй газар хөдлөлт болсон. Үүнээс 3.5 магнитудын газар хөдлөлт 21 удаа болсон байгаа. Эдгээр 21 тохиолдлоос найм нь Говь-Алтай аймгийн Тонхил суманд 5-6 удаагийн 3.7, 4.1, 5.8 магнитудын газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтүүд Баян-Уул, Тонхил, Төгрөг, Есөнбулаг, Хөх морьт, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Завхан аймгийн Улиастай, Дөрвөлжин, Завханмандал, Цагаан чулуут, Цагаан хайрхан, Алдархаан сумуудад мэдрэгдсэн байна.
-Ойр ойрхон газар хөдлөлт болж байгаа шалтгаан нөхцөл юу юм бол. Үүнийг судалж байгаа юу?
-Шалтгаан нөхцөлийг нь тогтоохоор Одон орон геофизикийн хүрээлэн дээр судалгааны баг ажиллаж байгаа. Мөн Говь-Алтай аймгийн Тонхил суманд мэдрэгч байршуулахаар ажиллаж байна.
-3.5 дээш магнитудын газар хөдлөлт эрсдэлд орох хэмжээнд тооцогдох уу?
-Ер нь 3.5 дээш магнитудын газар хөдлөлт аюултай нөхцөл байдалд орно. Манай орон нутгийн байгууламжууд хуучны байшин барилга учраас эрсдэлтэй. Тонхил суманд болсон газар хөдлөлтийн улмаас 6-7 барилгад цууралт өгсөн мэдээ ирсний дагуу аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт газар, Барилга, хот байгуулалтын газрын ажлын хэсэг газар дээр нь очиж, барилгын цууралтыг судлаад ажиллаж байна.
Тонхил суманд нэг өдөр гурав удаа газарт хөдлөлт болсон тохиолдол ч байгаа. Газар хөдлөлтийн хугацаа ойртож, эрсдэл үүсэх магадал өндөр байгаа учраас холбогдох албаныхан судалгаа хийж байна.
~3.5 дээш магнитудын газар хөдлөлт аюултай нөхцөл байдалд ордог!~
-Өмнө нь Тонхил суманд газар хөдлөлт болж байсан тохиолдол байгаа юу?
-Говь-Алтай аймгийн Тонхил сум газар хөдлөлтийн найман баллын бүсэд оршдог. Өмнө нь 1974 онд газар хөдлөлт болж байсан. Ер нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд Говь -Алтайн Тонхил сум, Булган, Дундговь аймаг, Гацуурт тосгон багтдаг. Газар хөдлөлт хэзээ болохыг бид таашгүй. Иймээс газар хөдлөлтийг мэдэрдэг төхөөрөмж байрлуулсан байгаа. Тухайлбал, Дундговь аймгийн Дэрэн суманд, Булган аймгийн Могод суманд газар хөдлөлтийг эрт мэдрэх төхөөрөмжийг суурилуулсан.
-Ер нь газар хөлдөж, гэсэх үед газар хөдлөлт их мэдрэгддэг үү ?
-Өвлийн улиралд буюу газар хөлдсөний дараа харьцангуй гайгүй. Харин хавар газар гэсэх болон намар газар хөдлөхийн хооронд газар хөдлөлт мэдрэгдэх нь их байдаг.
-Орон нутагт газар хөдлөлт нэлээд их болж байна. Нийслэлд он гарснаас газар хөдлөлт болсон уу?
-Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлт мэдрэгдэж байгаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 318 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Нэг магнитудаас дээш газар хөдлөлт 254 удаа, 1-1.9 магнитудын газар хөдлөлт 53 удаа, 2-2.9 магнитудын газар хөдлөлт есөн удаа мэдрэгдсэн. Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгууд найман баллын газар хөдлөлтийн тэсвэртэй. Ер нь 3.5 магнитудын газар хөдлөлт ихэвчлэн хөдөө, орон нутаг мэдрэгдэж байна. Харин нийслэлд 3.5 дээш магнитудын газар хөдлөлт мэдрэгдээгүй байгаа.
Эх сурвалж:medee.mn