Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвараар 1049 хүн нас баржээ. Тус улсад халдвар голомтлон тархаж, одоогийн байдлаар тохиолдлын тоо 215081 хүрч, нийт нас барагсдын тоо 5109 болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Манай улсад урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй хүнд цаг үе тохиож байна. Бид үхлийн вирустэй дайтаж байна. Энэхүү тэмцэлд ялахын тулд бидний хамтын хүч чадал, чин хүсэл, хайр хамгийн чухал. Бид мянган хүнээ алдлаа. Тиймээс дараагийн 30 хоногт удирдамжаа дагах хэрэгтэй. Энэ бол амьдрал, үхлийн асуудал юм” хэмээн хэлсэн байна.
Мөн Цагаан ордноос АНУ-д хамгийн багадаа 240 мянга, нөхцөл байдал илүү муудвал 2.2 сая америк хүн коронавирусийн халдвараар нас барна гэсэн урьдчилан тооцоог хийжээ.