Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд 212 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Герман, Швейцарь, Турк улсаас гадна Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. Өнөөдрийн байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 хүн эмнэлгийн ажиглалтаас гарчээ. Тусгаарлах байранд 300 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
~”COVID-19″-ын шинэ тохиолдол нэгээр нэмэгдэж, батлагдсан 16 тохиолдол боллоо~
ДЭМБ-аас Номхон далайн баруун бүсийн орнуудад нэгдүгээр давалгаа дууссан бол хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байх шаардлагатай сануулжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Монгол Улсад 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэн хойд хилээр гуравдугаар сарын 26, 27-ны өдөр ирсэн. Анхны шинжилгээгээр сөрөг гарч, дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр илэрлээ. Тухайн иргэнийг ганцааранг нь тусгаарлаж байна. Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-д 177 хүн хэвтэн эмчлүүлж байна.