2020-04-14

Т.Бадрал: Гадаад буй иргэд эх орондоо ирэх гэж ЯАРАХ хэрэггүй

Badral
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.БАДРАЛ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.14/ мэдээлэл хийж байна. Тус штабаас Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.БАДРАЛ:

-ОХУ-аас 282 иргэнээ хүлээн авсантай холбогдуулан халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх шаардлага байхгүй байна. Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар БНХАУ-ын Эрээн хот дахь иргэдээ татан авчрах талаар мэдээллээ. Эдгээр иргэд нь эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байсан. Татаж авах бэлтгэл ажил хангагдсан. Төлбөрөө төлж чадахгүй иргэд БНХАУ-ын хууль дүрмийг зөрчсөн иргэд болон эх орондоо ирж байгаа иргэдийг тусад нь тусгаарлана. Өнөөдөр энэ ажлыг зохион байгуулахаар МХЕГ, ХХЕГ, цагдаагийн байгууллага, ГХЕГ ажлын хэсэг иргэдээ авчрах ажлыг зохион байгуулна.

Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй ч санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ татан авах ажлыг судалж, тооцоо хийж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зөрчлүүдийг зохицуулах чиглэлээр хууль батлах чиглэлээр үүрэг өгсөн тул хоёр хуулийн төслийг боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барина.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Гэрээр тусгаарлагдаж буй иргэд хаяг дээр байхгүй зөрчил гарч байна. Эрдэнэт хотод таван иргэн гэртээ харилгүй удсан тохиолдол гарсан. Ийм зөрчилд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцсон. Зөрчил гаргаж буй иргэдэд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. Тусгаарлалтаас гарсан иргэдэд төр шатны байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна. Одоогоор 2000 гаруй иргэн гэрийн дэглэм сахиж байна. Гэртээ тусгаарлагдаж буй иргэд хариуцлагатай байхгүй бол халдвар тархах эрсдэлтэй гэдгийг сануулъя.