Цэргийн албыг кинонд тоглон хаасан хүн, Далайцэрэнгээс өөр хаана ч үгүй

rsz_dalaitseren-garidmagnai-batdorj-07
Далайцэрэн дүрээрээ алдаршсан, аймгийн арслан Даваагийн Батдорж

Эр бяр нь тэгширсэн, жинхэнэ монгол эрийн дүрийг бүтээн ард олныхоо сэтгэл зүрхэнд өнөө хэр хайрлагдан хүндлэгдсээр яваа эрхэм бол олноо Далайцэрэн дүрээрээ алдаршсан, аймгийн арслан Даваагийн Батдорж юм.

Кино урлагт монгол бөхийн дүрийг үнэхээр алтаар бичсэн энэ дүр бол түүнд бурхнаас өгсөн бэлэг гэлтэй. Мэргэжлийн жүжигчин хүртэл насаараа дуудуулах дүрийг бүтээнэ гэдэг хүндхэн ачаа бол мэргэжлийн бус хүн ийм чансаатай дүрийг дэлгэцэд мөнхөлнө гэдгийг аз гэхээс яахав.

Мөн тэрээр “Ард Аюуш” киноны Довчингийн дүрийг бүтээж, амьдралынхаа үнэ цэнэтэй цаг хугацааг монголын кино урлагийн ертөнцөд өнгөрүүлжээ. “Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг. Тэгвэл дэлгэцэд амилуулсан дүрээрээ овоглох болсон Д.Батдоржийн халуун ам бүлийн ертөнцөөр…

Dalaitseren-Garidmagnai

Аймгийн Арслан Д.Батдорж, гэргий В.Батдэлгэр

Д.Батдорж бөхийн дамтай нэгэн…

Далайцэрэн дүрийнхээ нэрээр овоглох Даваагийн Батдорж хэмээх идэр залуу сайхан насныхаа царай төрхийг ард олныхоо сэтгэл зүрхэнд мөнхөлсөн энэ эр Булган аймгийн Сайхан сумын харьяат. Нуруулаг, эр бяр нь тэгширсэн ханхар том биетэй түүний төрх байдал ааваас нь улбаатай. Түүний аав Ш.Даваа цагтаа бөх хүний ид хавыг нутаг усандаа үзүүлж явсан аймгийн арслан цолтой хүн. Цаашилбал, Д.Батдоржийнх бөхийн удамтай бөгөөд улсын арслан Д.Азжаргал, аймгийн харцага Д.Пүрэвдоржоос эхлээд эр бяр нь тэгширсэн сайхан бөхчүүд түүний удамд цөөнгүй бий. Тэрээр эцэг, эхээс есүүлээ өнөр өтгөн айлын отгон хүү. Бөх хүний нүд хурц гэдэг шиг аав нь бусад хүүгээсээ илүү Д.Батдоржийг бөх хүний шинж чанарыг өөртөө бүрэн цогцлоож хэмээн харж, “Миний хүү улсын цолтой сайхан бөх болно доо” гэсэн сэтгэлээр хүүхэд ахуй цагаас нь бөхийн мэх заан өгч, бэлтгэл хийлгэж өсгөжээ. Ийнхүү жаахан хүү байхдаа л бөхийн хорхойтон болж, бөх болно хэмээн сэтгэл шулуудсан Д.Батдорж анх 18 насандаа Идэрчүүдийн үндэсний бөхийн аваргад барилдан IV байранд орж байв. Мөн Залуучуудын чөлөөт бөхийн улсын аваргын алт, мөнгөн медалийн эзэн гээд энэ нь түүний дараа дараагийн амжилтынх нь эхлэл байжээ. Тэрээр өдгөө чөлөөт бөхийн мастер, үндэсний бөхөөрөө аймгийн арслан цолтой.

Д.Батдорж: “Би ач зээ нараасаа бөх төрнө гэж горьдож байна”

Гэр бүлийн нэгэн багана нь болсон гэрийн эзэгтэй В.Батдэлгэр хүүхдийн эмч мэргэжилтэй. Тухайн үеийн Анагаахын дээд сургуулийг энэ мэргэжлээр төгсөөд нутагтаа, мөн хотод өрхийн эмчээр олон жил ажиллаж туршлагажин, одоо хувиараа ханийнхаа хамтаар

эмнэлгийн салбарт хүчин зүтгэж буй. Аливаа зүйлд нягт нямбай, буурь суурьтай ханддаг ханьтайгаа сурагч ахуй наснаасаа үерхэн дотносож, улмаар гал голомтоо бадраан, өдгөө 20 гаруй жилийн түүхийг хамтдаа бүтээжээ. Энэ хугацаанд гал голомтоо сахих хүү, аав, ээжийнхээ хөлийг хучих охинтой болж, тэднийхээ үр хүүхэд гээд өнөр өтгөн болсоор буй.

Аав нь, мөн өөрөө аймгийн арслан, удам угсаанд нь олон бөхчүүдтэй болохоор Д.Батдорж охин, хүү хоёроо бөхийн хүн болгоно хэмээн зүтгэж явсан үе бий ажээ. Аав нь тэгтлээ их зүтгэсэн хэдий ч хувь тавилан тэднийг нь бөх болгосонгүй. Хүү Б.Хангарьд, охин Б.Бумдарь өдгөө мэдлэг боловсролдоо илүүтэй анхааран суралцсаар буй. Гэхдээ аавын хүсэл талаар болоогүй ач, зээ нараасаа бөх төрнө хэмээн горьдон суугаа ажээ.

“ГАРЬД МАГНАЙ” маань миний цэргийн алба байлаа…

Д.Батдорж хэмээх энэ эрийн амьдралын нэгээхэн хэсэг хэдий боловч насан туршийн дуудуулах гавьяа бол яахын аргагүй “Гарьд Магнай” юм. Тэрээр мэргэжлийн жүжигчин биш хэдий ч ард түмнийхээ сэтгэл зүрхэнд уяатай энэ сайханд кинонд дүр бүтээх болсон түүх түүнийг анх цэрэгт татагдан ирснээс эхлэлтэй гэдэг.

“Алдар” спорт хороонд хуваарилагдан жудо бөхийн бэлтгэл хийж байх үеэр МУГЖ, найруулагч Ж.Бунтар орж ирээд, бүх тамирчдыг Кино үйлдвэр дээр очихыг дасгалжуулагч багшид даалгажээ. Ингээд юунд оролцох гэж буйгаа ч мэдэхгүй 70 гаруй тамирчин ээлж дараалан кино пробонд оролцож, цөөн хэд нь тунаж үлдсэний нэг нь Д.Батдорж байв. Түүний өв тэгш бие, төрх байдал нь бусдаасаа илүү бяр тэнхээ ихтэй, даруу дөлгөөн зан төлөвтэй Далайцэрэнгийн дүртэй илүү ойр дөхөм байсан учраас Д.Батдоржийг ийн сонгон авсан түүхтэй.

~Цэргийн албыг кинонд тоглон хаасан хүн, Далайцэрэнгээс өөр хаана ч үгүй~

Мэргэжлийн жүжигчин биш, дээр нь бөхчүүд ихэнхдээ ичимхий бүрэгдүү, дуу цөөнтэй байдгийн адилаар Д.Батдорж анх жүжиглэнэ гэхээс эмээж байсан гэдэг. Жилийн турш үргэлжилсэн киноны зураг авалтын үеэр олон сайхан дурсамж түүнд үлдэж, мөн кино ямар олон хүний нөр их хөдөлмөр, хөлс хүчин дээр бүтдэгийг энэ хугацаанд биеэр мэдэрчээ. Монголын урлагийн түүхэнд ихийг хийж бүтээсэн алтан үеийн жүжигчдийн нөмөр нөөлөг дор үзэгчдийн сэтгэл зүрхэнд үеийн үед дурсагдах Далайцэрэн бөхийн дүр бүтсэн юм. Тиймээс эдгээр ач буянтай ахмадууддаа тэрээр үргэлж сэтгэл зүрхэндээ талархаж явдаг ажээ.

“Гарьд Магнай” киноны зураг авалт дууссаны дараа түүнд дахин киноны санал ирсэн нь мөн л ард түмний хайртай кино “Ард Аюуш” байв. Энэхүү кинонд ард Аюушийн хамтран зүтгэгч Довчингийн дүрийг хэрхэн бүтээсэн нь монгол хүн бүрийн нүдэнд харагдаж, сэтгэлд мөнхрөн үлдсэн. Энэ хоёр киноноос хойш олон санал түүнд ирсэн ч тэрээр хүлээн аваагүй. Ингэх шалтгаан түүнд байсан гэдэг. Ийнхүү гурван жилийн цэргийн албыг кинонд тоглон хааж байсан хүн гэвэл Д.Батдоржоос өөр хаана ч үгүй байх.

“ЭР ХҮН ТУГ Ч БАРИНА, ТУГАЛ Ч ХАРИУЛНА…”

“Эр хүний замын хүзүү урт” гэдэг. Тиймээ, эр хүнийг хэзээ ч басаж болдоггүй, тэдний хийморь лундаан дор айл гэр амар амгалан аж төрдөг. Үүний нэгэн адил Д.Батдоржийн амьдрал тийм ч дардан шулуун байгаагүй. Бөх сонирхдог зарим хүмүүс түүнийг “Чадалтай бөх явсан байж яагаад үргэлжлүүлэн барилдаагүй юм.

Хэрвээ бөхөөрөө явсан бол юм дуулгах байсан даа” гэдэг. Харин урлагийн хүмүүс “Чи жүжигчин болбол их юм дуулгана даа. Цаашдаа киноогоороо явбал илүү амжилт гаргана” хэмээн тухайн үедээ Д.Батдоржийг үнэлж байсан гэдэг. Гэхдээ Д.Батдорж урлаг, спортын алийг нь ч сонгоогүй. Хэрвээ энэ хоёрын аль нэгийг нь сонгосон бол дэмжиж туслах олон хүн байсан хэдий ч Д.Батдорж хөдөө нутгаа санагалзан, бүхнээ ардаа орхин “Өөрийн бодол өөртөө зөв” хэмээн өсч өндийсөн Эрдэнэт хотыг зорьж, тэндээ амьдралаа төвхнүүлсэн гэдэг.

Dalaitseren-Batdorj

2010 онд ард олны санал асуулгаар Д.Батдоржийг “МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ” цол тэмдгээр шагнажээ.

Залуу халуун насандаа аймгийн арслан болж, хоёр ч кинонд дүр бүтээж явсан Д.Батдоржид ийн онож явсан үе байхад алдаж явсан ч үе бий.

Цагтаа спорт, урлаг хоёрт авьяас чадвараа харуулж явсан тэрээр олны магтаалын үгэнд бялуурч, алдаж гишгэхэд нь түүний хань дэргэдээс нь түшиж тулж босгожээ. Тиймээс амьдралын минь хүнд хэцүү үед дэргэд минь байж, хайр халамжаар намайг дутаагаагүй хүн дээ гэргий минь хэмээн ярих Д.Батдорж ханьдаа үргэлж талархаж явдаг тухай энэ үеэр бидэнд хуучилсан юм.

“Миний өмнөөс харамсаж, халаглаж явдаг олон хүн бий. Спорт, урлаг хоёрт хүч үзэж явахад минь олон хүний магтаал сайшаалын үг магадгүй намайг эвдсэн, өөртөө эрдэхэд хүргэсэн байх. Яахав дээ, тухайн үед ах нь ааг омогтоо шатсан залуу явж. Алдаа, онооны аль аль нь байсан байх. Гэхдээ эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа би өөрийн гаргасан шийдвэртээ эзэн болж, өнгөрсөн зүйлд харамсаж явдаггүй”

Тэрээр Эрдэнэтийн хивсний үйлдвэрт, мөн уул уурхайн салбарт ажиллаж явсан гээд амьдралын замнал арвин баялаг түүхтэй. Харин өдгөө ханийхаа түшиг тулга нь болсон халамжит хань, үр хүүхдүүддээ үлгэр жишээ болсон аав, мөн ач, зээ нартаа хошуу дэвсэн хайрлах өвөө нь болоод, элэг бүтэн амар жимэр амьдарч буй.

Түүний нэгэн жишээ Д.Батдоржийнх. Энэ жил Д.Батдоржийн ээжийн талын ах, дүүс болох 580-аад хүн Булган аймгийн Сайхан сумын нутагт цугларан, анх удаа ургийн баяраа хийжээ. Зөвхөн ээжийнх нь төрсөн ах дүү, тэднээс салбарласан хүүхдүүд, ач зээ нар нийлээд хагас мянга хол давжээ.

Хамгийн гол нь эдгээр ах дүү, хамаатан садан нь бүгд өөрсдийн хийсэн бүтээсэнтэй нэр бүтэн яваад нь Д.Батдорж сэтгэл тэнэгэр явдаг гэлээ.