БНХАУ-ын төрийн өмчит Синхуа агентлаг өнгөрөгч арван нэгдүгээр сард мэдээгээ хиймэл оюунт робот нэвтрүүлэгчээр уншуулахаар болж буйгаа зарлаж, анхны эрэгтэй хиймэл оюунт хөтлөгчдийг танилцуулаад байсан билээ.
Тэгвэл хиймэл оюунт эмэгтэй робот нэвтрүүлэгчээ танилцуулж, ирэх гуравдугаар сараас улс төрийн томоохон мэдээ мэдээллийг хөтлүүлэхээр болсноо зарлав.
Дэлхийн анхны хиймэл оюунт энэхүү эмэгтэй нэвтрүүлэгчийг Синхуа агентлаг Хятадын томоохон хайлтын систем болох “Согоу”-ийн технологийн багийнхантай хамтран бүтээсэн ба түүнийг Шин Шиаомэн хэмээн нэрлэсэн байна. Мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж, телевизийн хөтлөгчдийн оронд ажиллана гэсэн үг.
Ийнхүү роботуудыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллуулах болсноор үйл ажиллагааны зардлыг ихээр хэмнэхээс гадна 24 цагийн турш мэдээлэл түгээх боломжтой болж байгаагаа Синхуа мэдэгдсэн.
Түүнчлэн Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан /Artificial Intelligence/-ы салбарт маш амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ болж байна.
А.Чингэстэй