Залуу хүн гэж хэн юм бэ? Хоосон хийсвэр мөрөөдлийн салхи уу, Хийж бүтээхийн оргилуун хүсэл тэмүүлэл үү, Алдаа бүтэлгүйтлийн цуглуулга уу, Ааг омог, хүсэл мөрөөдлийн эзэн үү?
Хүсэл мөрөөдөл хийгээд өөрийн амьдралын зорилго зорилтыг биелүүлэхийн төлөө тэмцэж, эхийн хайр халамж, итгэл сэтгэлийг даан хүнд өвчинтэйгөө тэмцэж, хийж бүтээх мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа цэл залуухан бүсгүй бол Д.Сайнжаргал.
Нурууны мурийлт / scoliosis /хэмээх оношоор гадаад улсад эмчлэгдэх шаардлага түүнд тулгарч, эмчилгээнд шаардагдах зардалд элэг нэгт ард түмнээсээ тусламж хүсч буйг нуух юун.
Танд өдрийн мэнд хүргэе Д.Сайнжаргалтай дотно танилцъя?
Баярлалаа. Уншигч олондоо өдрийн мэнд хүргэе. Намайг Сайнжаргал гэдэг 20 настай. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд “Аялал жуулчлалын менежмент” мэргэжил эзэмшихээр суралцаж байна.
Сайнаа харагдах байдлаасаа спортлог харагдаж байна. Ямар нэг спортод сонирхолтой юу?
Тийм ээ /инээв/ Миний хувьд хөнгөн атлетикийн спортоор дөрвөн жилийн хугацаанд тууштай хичээллэсэн. 2015 онд шатнаас унахдаа хөл өө хугалаад, нуруугаа гэмтээсэн. Хөлийн өсөлтийн шагайгаа гэмтээсэн учир энэ спортыг орхисон гэж хэлж болно.
Одоогийн нурууны мурийлт өвчин нь тухайн үеийн гэмтлээс үүссэн гэж ойлгох уу?
Тийм. Шатнаас унахдаа нуруугаа гэмтээгээд, тэр гэмтэл нь одоогийн нурууны мурийлт үүсэх шалтгаан болсон гэж үздэг. Хөл хоёр сарын хугацаанд гипстэй байсан, бага ангийн сурагч байсан болохоор тэгсгээд эдгэсэн гэж бодсон.
Үүний дараагаар уран нугарах гэж оролдож байгаад унаад, дахин нуруундаа гэмтэл авсан. Түүнээс хойш цүнхний үүргэвчний нэг тал байнга унадаг байсан тухайн үед өнөөдрийнх шиг ийм нөхцөл байдалд хүрнэ гэж хэн санах вэ.
Нурууны мурийлт үүссэн гэдгээ мэдээд ямар эмчилгээ хийлгэсэн вэ?
Нурууны мурийлт /scoliosis/ үүссэн гэдгээ мэдсэн даруйдаа бариа засал болон уламжлалт эмчилгээ, татлага, бүс зүүх гээд олон ч удаагийн курс эмчилгээнд явсан. Эмчилгээ хийлгэсэн даруйд өвчин намдана, эргээд л нэг сарын дараагаас нуруу өвдөж зовуурладаг. Ингэж явсаар Монголд эмчлэгдэх боломжгүй нурууны өвчтэй болсон гэх “онош” сонссон доо.
Нэг тийм ойлголт байна. Өвчин гэхээр л хэвтэрт эсвэл тэргэнцэрт сууж байгаа эсэхээр нь хүнд эсвэл хөнгөн гэх үзэмжээр хандаад байх шиг. Зөрөөд өнгөрөх нэгэнд нүдэнд шууд үзэгдэх зовуур үгүй боловч өөрт мэдрэгдэх өвдөлт, шаналал асар хэцүү байгааг ойлгож байна?
Тийм ээ. Зарим хүмүүс хэлдэг л юм гаднаас хараад л “яг юу чинь өвдсөн юм, зүгээр л байна ш дээ” гэх мэтээр. Бариу хувцас өмсөөд явбал нурууны мурийлт илт мэдэгдэнэ. Ихэвчлэн том, нэвсгэр хувцас өмсдөг. Одоогийн байдлаар удаан алхаж чадахгүй, ойр зуур л явдаг. Байнгын өвдөлттэй байдаг. Нуруу уушги орчмыг дарчихсан учир уушгины багтаамж багасан амьсгаа давхцаад, бөглөрөх гээд байдаг. Хоёр кг аас дээш жинтэй зүйл өргөж болохгүй. Жил ирэх тусам намхан болж байгаа.
Монголд эмчлэгдэх эсэхийг хэрхэн судалж үзсэн бол?
Хөл өө хүрэх газартаа явсан. Монголд эмчлэгдэх боломжгүй 27 төрлийн хүнд өвчний тоонд ордог юм билээ. Ингээд гадаад улс оронд хэрхэн хийгддэг талаар судалсан. Харин Турк улсаас нааштай хариу ирсэнд маш их баяртай байгаа. Хагалгаа 100 хувь амжилттай хийгдэх боломжтой /инээв/.
Хагалгаа амжилттай болох хариуг та бүхэнд илгээсэн байна. Маш их баяртай байна. Нийт хэчнээн төгрөгийн зардлаар хийгдэх вэ?
“Эрүүл мэнд эрхэм БАЯН” гэдэг юутай ҮНЭН. Эрүүл, саруул явахад даван туулахгүй бэрхшээл, зовлон гэж үгүй юм байна гэдгийг өмнө нь ойлгоогүй явсан. Хагалгааны зардалд нийтдээ 70 орчим сая төгрөг зарцуулагдах юм билээ. Хэрэв хагалгаа хийгдэхгүй цаг алдвал цаад тал нь нэг жилийн дараа гэхэд суумгай байдалд орно гэсэн хариу өгсөн. Нугас бүрэн дарагдчихвал эмчилгээ байхгүй.
Яг өнөөдрийн нөхцөл байдалд “ковид-19”-ын уршгаар хил хаачихсан байна. Энэ цаг хугацааг тооцсон уу?
Тийм ээ. Хагалгааг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй байгаа ч, цар тахлын үеийн хөл хорионд орчхоод байна. Өвчний тархалт намжиж, Улсын хил нээгдэхийг хоног тоолон хүлээн олон мянган хүн байна шүү дээ.
Тантай өвчний онош нэг, эмчлэгдээд ирсэн хүмүүс бий юу. Энэ талаар судалсан уу?
Үзэлгүй яахав. Яг адилхан өвчний оноштой /scoliosis -нурууны мурийлт/, Истанбул хотод байрлах “Memorial” эмнэлэгт хагалгаанд ороод ирсэн хоёр ч хүн бий. Биеийн байдал сайн, тодорхой хэмжээний гам барьсны дараагаар алхах, гишгэх асуудалгүй гэсэн юм байна лээ.
Сайнаа маань хөөрхөн охинтой шүү дээ, ээж болсон сэтгэгдлээ бидэнд хуваалцаач?
Миний хувьд айлын ганц хүүхэд, ээж маань тэтгэвэрт ээ гарсан. Охин маань ой таван сартай, Номинтана гэдэг. Бяцхан охиноо хэний ч туслалцаагүйгээр тэврээд урт удаан хамт байхсан.
Ээж болох сайхан мэдрэмжийг үгээр хэлэх аргагүй. Тэр бяцхан зүрхний төлөө чадах бүхнээ хийж, эрүүл саруул болох нь хамгийн том МӨРӨӨДӨЛ болчхоод байна. Зорилго, хүсэл мөрөөдлийнхөө оргил өөд алхахыг мах их хүсч байна даа.
Эрүүл саруул болоод эргээд баяртайгаар уулзахын ерөөл өргөе.
Ерөөлөөр болог ээ. Та бүхэнд маш их баярлалаа.
Албан ёсны цахим хуудас : Сайнжаргал охинд амьдрал бэлэглэе
Хандивийн данс: