2020-12-02

Харьяа дүүргийнхээ Онцгой комиссын Шуурхай штабт хандаж QR код авна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь өнөөдрөөс эхлэн нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас баталлаа.

Хязгаарлалтад ороогүй 18 чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд харьяа дүүргийнхээ Онцгой комиссын Шуурхай штабт хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж өгөх юм.

Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар, эзэмшигчийн нэр буюу албан хаагчийн регистрийн дугаар бүхий мэдээллийг багтаасан байна. Дүүргийн Онцгой комисс судалж гаргасан жагсаалтаа Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэх юм.

Улмаар Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судалж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлэхээр уг зааварт тусгажээ.

Харин дүүргүүдийн Онцгой комиссоос олгосон байгууллагын албан хаагчийн тээврийн хэрэгсэлд 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох хязгаартайгаар QR код олгоно.  Байгууллага, албан хаагч системд бүртгэгдэж, олгосон QR кодыг smartcar.mn цахим хуудасны covid-19 зөвшөөрөл хэсэгт хандаж авна. Дүүрэг болон Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, тухайн байгууллагын нэр дээр бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгохоос татгалзах юм.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгөх боломжтой.

TAGS: