2021-02-08

Төрийн дээд цол, одон медалиар шагнагдсан эрхмүүдтэй танилц

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн дээд цол гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Үндэсний үнэт зүйл болсон уламжлалт мал аж ахуйн өв соёлоо хадгалан, Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил болон үндэсний соёл уламжлалаа залуу үедээ өвлөн уламжлуулах, дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндоржийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон уран бүтээл туурвин, Монголын дуу хөгжмийн сан хөмрөг, үндэсний соёл урлагийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Завхан аймгийн хөгжимт драмын театрын дуучин Санжаажавын Батсүхийг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагналаа.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

“Монгол Базальт” ХХК-ийн захирал Лхагважавын Ариунболд,

Дөргөний усан цахилгаан станцын зөвлөх инженер Пүрэвийн Баатар нарыг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

“Sound of Mongolia” ХХК-ийн продюсер Хүрэлбаатарын Дамдинсүрэн,

“МОНЦАМЭ” агентлагийн ахмад сэтгүүлч Гажидын Баатарчулуун,

Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны гишүүн, яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготов,

“Монголын үнэн” сонины ахмад сэтгүүлч Цэнд-Аюушийн Мишигдорж,

“Зууны мэдээ” сонины ахмад сэтгүүлч Дуламын Цэрэннадмид,

“Монгол” телевизийн нэвтрүүлэгч Саранцэцэгийн Чимгээ нарыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Олон улсын “Найрамдал” төвийн дэд захирал Баатарын Отгонбат,

Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран бүтээлч Лувсандамбын Батцэнгэл,

“Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Чулуунцэндийн Хатанбаатар,

Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав,

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатар нарыг,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Дашдондогийн Адьяахүү,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Пүрэвжавын Мөнхбаатар,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч ахлагч Палангийн Хатанбаатар нарыг,

Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтан Даваасамбуугийн Нүрэнзэд,

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор

“Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Шагдарсүрэнгийн Баярсайхан,

Монгол Улсын гавьяат багш цолоор

Санхүү, эдийн засгийн их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан проректор Жамьяандоржийн Батхуяг,

Бэрс дээд сургуулийн захирал Чимидийн Гомбосүрэн,

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын тэнхимийн багш Чимидийн Дагшигдорж нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор

ГБЭТ ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Баатарын Эрхэмбаяр,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор

Монголын тулааны урлаг, тулалдааны спортын хорооны Ерөнхийлөгч Машбатын Бөхбат,

Монголын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Баясгалангийн Саруул,

Монгол Улсын гавьяат холбоочин цолоор

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Гончигийн Чинзориг,

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор

Монголын хөрөнгийн биржийн ахмад ажилтан Очирбатын Батбилэг,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад референт Нямсамбуугийн Буяндэлгэр,

Монгол Улсын гавьяат эмч цолоор

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ахмад эмч Сламханы Татар нарыг,

Сүхбаатарын одонгоор

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Лодойн Ойдовсамбууг тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Гавшгайчид, манлайлагчид аа,

Төрийн дээд цол хүртэгсэд ээ,

Монгол түмний уламжлалт баяр Арван долоодугаар жарны цагаагчин үхэр жилийн мэндийг Та бүхэнд угтуулан айлтгая.

Монголын төр тэмдэглэлт ой, уламжлалт баяруудыг тохиолдуулан ажил үйлсдээ манлайлсан, хөдөлмөр зүтгэл гаргасан иргэдээ шагнаж, урамшуулдаг ийм сайхан уламжлалтай. Тэр уламжлалыг баримтлан салбар салбараас ирүүлсэн тодорхойлолт, хүсэлтийг баримтлан Төрийн дээд цол олгож байна. Салбарын хамт олон, харьяа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэн ирүүлсэн шагнал, цол олгох шийдвэрийг Төрийн тэргүүний хувиар баталгаажуулан гардуулах нь миний үүрэг юм шүү.

Өнөөдөр шагнагдагсдын дундаас онцлон дурдах хүмүүс бий.

Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндорж хэмээх 85 насыг зооглож буй буурай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байна. Танд баяр хүргэе. Нүүдэлч малчдын малч ухааныг өвлөн, насан туршдаа баяжуулан хөгжүүлж, мал сүргээ тогтмол өсгөж, арвижуулж яваа буянтай бууралдаа монгол хүн бүрийн өмнөөс мэхийн ёсолъё. Энэ ташрамд дуулгахад мянган мэргэжлийн эзэн болсон малчдадаа мэргэжлийн үнэмлэх олгож эхлэхэд Хандын Рэнцэндорж гуай, гэргий Моломжамцын Цэсэндолгор гуайн хамт хамгийн анх “Малчны үнэмлэх” гардаж авч байсан гэр бүл юм. Мөн Улсын хошой аварга малчин Рэнцэндорж гуайн 12 хүүхдийн 9 хүүхэд нь мал маллан улс, аймгийн аваргууд болон бойжиж, түүгээр тогтохгүй ач зээ нар нь удам дамжин мал маллаж, өв соёлоо тээж сум, аймгийн аварга малчин болсон бахархам түүхийг бичиж яваа. Монгол бидний соёл, түүх бол малчны соёл, малчны ухаан дээр үүссэн гэдгийг цаг үргэлж санаж явах, хүндэлж бахархаж явах учиртай.

Олондоо “Завхан”-ы Батсүх гэж алдаршсан дуучин, Санжаажавын Батсүх Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэж байна. С.Батсүх бол олон жил ардынхаа сэтгэл зүрхэнд хүрч дуулж чадсан, утгаараа Ардын дуучин хүн гэдэгтэй маргах хүн олдохгүй биз ээ. Танд уран бүтээлийн цаглашгүй их эрч хүчийг ерөөе.

Дөргөний Цахилгаан станцын зөвлөх инженер Пүрэвийн Баатар – Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнагдлаа. Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн олон арван сумдын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэж байгаа чухал эх үүсвэр болсон Дөргөний Цахилгаан станцыг санаачлан, зураг төсөл гаргахаас нь авахуулаад бүтээн байгуулалт, тогтвортой үйл ажиллагаа явуулах, эрчим хүчээр хангах хүртэл нь 50 жилийн туршид сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан П.Баатар гуай бол бахархан дурсах гавьяат үйлстэн мөн. Өнөөдөр Монголд хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэж байгаа Дөргөний цахилгаан станц улсын төсөвт жил бүр тогтмол орлого оруулж, тэр хэмжээгээр импортын зардлыг хэмнэж байгаа юм.

Ард иргэдийнхээ амар амгалан амьдрал, аюулгүй тайван орчны төлөө бүхий л зүтгэлээ зориулан ажиллаж, насаараа цагдаагийн албанд эгэл даруухан, чимээгүй хөдөлмөрлөж байгаа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч ахлагч Палангийн Хатанбаатар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Пүрэвжавын Мөнхбаатар нарт Үйлчилгээний гавьяат ажилтан цол олголоо. Та бүхний нийгмийн сайн сайхны төлөөх үйлчилгээнд гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор “Номин холдинг” компанийн Ерөнхийлөгч Шагдарсүрэнгийн Баярсайханыг шагнаж байна. Худалдаа бол үйлдвэрлэгч – иргэдийг холбон, эдийн засгийн цусны эргэлтийг хангаж байдаг чухал салбар бөгөөд энэ салбарыг зах зээлийн нөхцөлд шилжих үеэс өнөөдрийг хүртэл тууштай хөгжүүлж, бэхжүүлсэн хүний нэг бол яах аргагүй Баярсайхан мөн. Баяр хүргэе. Номин худалдааны сүлжээ өнөөдөр хүн ардынхаа өдөр тутмын хүнс, хэрэгцээт барааг хангах үйлсэд найдвартай хүчин зүтгэж, тэр дундаа цар тахлын энэ үед хүнсний хангамжийг тогтвортой байлгаж байгаад нь талархах учиртай. Танай хамт олонд дахин баяр хүргэе!

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Лувсандамбын Батцэнгэл гуайг шагнаж байна. Гавьяа байгуулан, ажил үйлсээрээ манлайлсан алдартнууд, гавшгайчдын энгэр дээр гялалздаг одон медалиудын эх загварыг гаргаж, дипломат албанд олон жил хүчин зүтгэсэн Л.Батцэнгэл гуайн бүтээлүүдийг дурдвал Төрийн соёрхол, Монгол Улсын гавьяат, Ардын жүжигчин цолны тэмдгийн эх загвар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хүндэт иргэн, Хөдөлмөрийн ба Цэргийн хүндэт медаль зэрэг нийт 270 орчим одон, медаль, тэмдгийн эх загварууд юм. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын 3 дахь гавьяат дасгалжуулагч болж байна. Сагсан бөмбөгийн спортоор 8 алтан медаль буюу Тивийн болон Дэлхийн аварга цолыг 8 удаа эх орондоо авчирчээ. Нийт тив, дэлхийн 27 медаль авсан байна. Үүн дээр багийн спортоор анх удаа Монгол Улс Токиогийн олимпын наадамд оролцох эрх авсан нь нэмэгдэнэ. С.Тулга дасгалжуулагчийг гаргасан амжилтаа улам ахиулж, багийн спортоор улс орныхоо нэрийг бүр өндөрт өргөхийг ерөөж, итгэл үзүүлж, энэ цолыг хүртээж байгаа юм. Олимпод амжилт гаргаарай.

Монголын Жүдо бөхийн холбооны Нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж, баг тамирчдынхаа амжилт гаргах үндсийг чадварлаг удирдан зохион байгуулж, жүдогийн тамирчдын гаргасан олон олон бахдам амжилтын ард чимээгүй зогсож байсан Машбатын Бөхбатад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг хүртээлээ. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурьсгаж, ард түмний зүрх сэтгэлийг баясгаж ирсэн жүдогийн тамирчдын олон амжилтын өмнөөс Танд баяр хүргэж, амжилт хүсье.

Манлайлагчид аа, Төрийн дээд цол хүртэгсэд ээ,

Ард олон, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хамт олныхоо хурлаар дамжуулан Та бүхний гавьяа, зүтгэлийг үнэлүүлснийг Төрийн тэргүүний хувиар ёсчлон гүйцэтгэсэндээ миний бие туйлаас баяртай байна. Та бүхний манлайлал, хичээл зүтгэл нь бүгдэд хөдөлмөр зүтгэлийн үлгэр дуурайл, бахдал болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Та бүхэнд ирж буй цагаагчин үхэр жилийн Цагаан сарын мэндийг дахин айлтгая. Бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цагаан сар амар амгалан, гэр бүлийн хүрээнд аз жаргалтай өнөр сайхан болох болтугай.

Хүн ард минь сэтгэл тэнүүн, энх цагтай учран золгох болтугай” гэлээ.

TAGS: