Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна

mongol-tsergiin-odor-2021
Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр /2021-03-18/тохиож байгаа билээ.

Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.

Тиймээс 1946 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор эл өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оны энэ өдрөөс эхлэн эх орныхоо батлан хамгаалах салбарт хүчин зүтгэж буй алба хаагчид баяраа тэмдэглэх болжээ.

2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ны өдрийг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд уг хуульд өөрчлөлт оруулж, “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрийдсэн юм.