Гүржийн нийслэл Тбилис хотод Олон улсын жүдо бөхийн холбооны /IJP/ Дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангиллаар анх удаагаа зохион байгуулагдаж байна.
80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцож буй тус тэмцээний эхний өдөр манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг гүйцэж гуравдугаар байр руу дэвшихээр боллоо.
МУГТ М.Уранцэцэг энэ удаад жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөөд 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог 1:30 минутад цэвэр ялж шилдэг наймд шалгарчээ. Улмаар А хэсгийн аваргын төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Румыний Моника Унгуреануг 2:58 минутад өчих мэхээр ялсан бол хагас шигшээд дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Дэлхийн Мастеруудын тэмцээний хүрэл медальт Словений Маруса Стангарыг 2:50 минутад цэвэр ялсан.
Харин аваргын төлөө Европын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Франческа Миланиг даралтад оруулж, давхар боох мэх хийж цэвэр яллаа. Ингэснээр тэрбээр сүүлийн хоёр “Их дуулга”-д түрүүлж, олимп болон дэлхийн чансаагаараа Косовогийн Дистрия Красники, Украйний Дария Белодид нарын ард бичигдэх боллоо.