УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы /2021-04-22/-ний өдрийн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.
Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан байна.
Байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн болохыг санал, дүгнэлтэд дурдав.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, зохиогчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор зохиогч өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдлэх эрхтэй байх, бүтээл ашиглах онцгой эрхийн эрх залгамжлагч нь тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байх, гэрэл зургийн уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх, бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашигласан бүтээлийн ашигласан хэсгийн хэмжээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх, Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байх зэрэг зарчмын зөрүүтэй 28 санал болон найруулгын шинжтэй 3 саналыг ажлын хэсгээс гаргасныг Хууль зүйн байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ. Түүнчлэн ажлын хэсгээс Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 4 санал боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийн 14 дүгээр зүйлд заасан зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох, зохиогчийн эрхийг түрээслүүлэх гэдэгт “эзэмших” бус “ашиглах” эрхийг тодорхой хугацаагаар бусдад шилжүүлэхийг ойлгоно гэж, түүнчлэн ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг үүсмэл бүтээл туурвисан зохиогч эдлэх зохицуулалтыг нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, зохиогчийн эрх зөрчигчид хүлээлгэх хариуцлага, цахим орчинд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төсөлд тусгасан талаарх асуултад Ц.Мөнхцэцэг гишүүн хариулт өгсөн. Төслийн 23 дугаар зүйл буюу Мэдээллийн сангийн зохиогчийн эрхийн талаарх зохицуулалт бий гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн Зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах зохицуулалттай болохыг тодруулан тайлбарлалаа. Эрдэм шинжилгээ, судалгааны салбар дахь оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчлийн талаарх Ч.Ундрам гишүүний асуултад Ц.Мөнхцэцэг гишүүн хариулт өгсөн. Хэн нэгний бүтээл, судалгааг оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн зөрчилтэй хэмээн сургууль, эрдэм шинжилгээний байгууллага үзсэн тохиолдолд Оюуны өмчийн газар болон хамтын удирдлагын байгууллагуудад хандан магадлуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
- Төслийн “Зохиогчийн эрхийг хязгаарлах” гэсэн 38 дугаар зүйлд олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах;
- эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, шүүмж бичих зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах; хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах;
- архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах; хувийн хэрэгцээнд зориулан бүтээлийг хэсэгчлэн ашиглах; бүтээлээс эшлэл авах;
- олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээлийг ашиглах;
- эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дотоод хэрэгцээнд зориулан хуулбарлах тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийн зөрчилд тооцохгүй байхаар тусгасан гэв. Дээрх зорилгоор буюу бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашиглах тохиолдолд бүтээлийн зохиогч, эх сурвалжийг заавал дурдах;
- ашиг олох зорилгогүй байх;
- бүтээл ашиглалт нь шударга ашиглалттай нийцэж, ашигласан цар хүрээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх;
зах зээлд сөргөөр нөлөөлөөгүй байх нөхцөлийг хангах зохицуулалттай байгаа гэв. Г.Мөнхцэцэг гишүүний асуултад хариулт өгөхдөө “Зохиогчийн эрхийг хангах, бүтээлийн үнэ цэнийг хадгалах зорилготой зохицуулалтыг төсөлд тусгасан.
Тухайлбал, бүтээлийг дамжуулан худалдах тохиолдолд олсон ашгаас зохих хувийг зохиогчид олгох асуудлыг төслийн 35.3-т “Энэ зүйлийн 35.2-т заасан зохиогч болон зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхой болсны дараа бүтээлийг төлбөртэй ашиглуулсан бол оюуны өмчийн байгууллага зохиогч болон эрх эзэмшигчид төлбөрийн зохих хувийг нөхөж олгоно” гэж томьёолон тусгасан. Уран зураг, баримал худалдан авсан этгээд дахин худалдаж байгаа тохиолдолд худалдсан үнийн 5-аас багагүй хувийг тухайн бүтээлийн зохиогчид төлөх юм. Нөгөөтэйгүүр, олон талын оролцоотой бүтдэг кино, жүжиг гэх зэрэг бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой зохицуулалтыг тодорхойлсон” гэв.
~Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв~
Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Тухайлбал, “Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа” гэсэн төслийн 14 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 60.6 хувь нь дэмжсэн. Ингэснээр тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэн тооцохоор төсөлд тусгахаар болсон. Мөн зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаалахаар, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байхаар, хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байх зохицуулалтыг төсөлд тусгахаар боллоо. Харин зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байхаар, хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байх зохицуулалтыг төсөлд нэмэх юм. Албан үүргийн дагуу бүтээл туурвих, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байж, хэрэв бүтээлийг туурвиснаас хойш 30 жилийн хугацаанд нийтлээгүй бол бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл туурвиснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна хэмээн өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүд дэмжсэн.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулснаар төсөлд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байхаар; ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг үүсмэл бүтээл туурвисан зохиогч эдлэх зохицуулалтууд тусахаар боллоо.
Төслийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтын “(үүнд тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй)” гэснийг хасаж, мөн зүйлд “Тайлбар: Энэ хуулийн 28.2.2-т заасан “дамжуулах” гэдэгт тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй.” гэж нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний олонх нь дэмжсэн. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулж шийдвэрлэсний дараа Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.