2021-05-07

Бүгд Найрамдах Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургуулийн удирдлагуудтай уулзав

lhagvadorj
Бүгд Найрамдах Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургуулийн удирдлагуудтай уулзав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2021 оны тавдугаар 6-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургууль (ITE)-ийн Гүйцэтгэх захирал Брюс По Геок Хуат тэргүүтэй удирдлагуудтай уулзсан бөгөөд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургууль /Institute of Technical Education – ITE/ нь үйлчилгээ, техник, технологи, барилга, дизайн зэрэг 25 гаруй салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг байна.

1992 оны 4 дүгээр сард Сингапурын Мэргэжлийн Үйлдвэрлэлийн Сургалтын Зөвлөлийн чиг үүргийг шилжүүлэх зорилгоор тус улсын Боловсролын Яамны харьяа дунд сургуулийн дараах байгууллага болж байгуулагдсан бөгөөд бүх түвшний боловсрол эзэмших өргөн боломжийг олгохын зэрэгцээ бүс нутагтаа дээгүүр эгнээнд орох техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль юм.

Тус сургууль нь орчин үеийн гурван коллежид 100 орчим сургалт явуулдаг бөгөөд хэрэглээний ба эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнес ба үйлчилгээ, дизайн ба медиа, цахилгаан хэрэгсэл ба инфокомм технологи, инженеринг ба зочид буудлын үйлчилгээ зэрэг мэргэжлийн ур чадваруудын сургалт багтдаг байна. Тус сургууль нь дэлхийн хэмжээнд нэр хүнд бүхий байгууллагуудтай өргөн хүрээтэй түншилдэг ба 14 орны 40 гаруй түнш байгууллагуудтай үйл ажиллагаа явуулж байна.

Ингэснээр эдгээр байгууллагуудын шилдэг туршлагыг хуваалцах, суралцахаас гадна оюутнуудын сурах боломжийг өргөжүүлж, ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлдэг аж. Түүнчлэн, тус сургууль нь Ази, Африк, Латин Америк, Ойрх Дорнодын 27 оронд зөвлөх, сургалтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд орчин үеийн мэргэжил өндөртэй нарийн мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх сургалтын хүрээнд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тус байгууллагын удирдлагууд илэрхийллээ.

Гадаад харилцааны яам