2021-09-30

Газрын мэдээллийг цахимаар авна

НИТХ-ын IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Улаанбаатар хотын  ногоон орон сууц төсөл”-ийн тухай, “Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн хөгжил төсөл”-ийг хэлэлцлээ.

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлэг, 21 дэд бүлгийн 719 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс одоогийн байдлаар  66.2 хувийн биелэлттэй байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцууллаа.

Газрын менежменттэй холбоотой төлөвлөгөөт ажлын биелэлт 77.1 хувь, газар зохион байгуулалтын ажил 70 хувь, нөхөх олговор, газар чөлөөлөлт 90 хувийн биелэлттэй байгаа бол хот байгуулалтын ажлын биелэлт 50 хувь, газрын төлбөрийн 44 хувийг төвлөрүүлжээ.  Энэ жилийн хувьд зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг буулгаж газар чөлөөлөх, нийтийн эзэмшлийн орц, гарцыг нээх, инженерийн шугам сүлжээнд зөвшөөрөлгүй барьж байгуулсан объектыг чөлөөлөх зэрэг ажлуудыг урьд жилүүдээс илүү идэвхтэй хийж хэрэгжүүлсэн. Нийслэлийн иргэдэд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгох, ногоон байгууламжийг хамгаалах  хүрээнд сүүлийн 2-3 жилд 91 байршилд 197 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн. Энэ онд 20 байршлыг нэмж нийтийн эзэмшлийн газраар бүртгүүлсэн гэдгийг онцоллоо. НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд ч хууль бус газар эзэмшлээс нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, нийтийнх байлгах чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажилд өндөр үнэлгээ өгсөн. Түүнчлэн энэ чиглэлд зарим анхаарах асуудлыг дурдаж байв. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, Сонгинохайрхан дүүргийн  21, 32 дугаар хороонд аж төрж буй малтай өрхийн асуудлыг шийдэх, дүүрэг хоорондын хилийн заагийг тодорхой болгох зэрэг асуудлыг анхаарах зэрэг санал гаргасан.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд Амгалан станцыг өргөтгөх шаардлагатай байгааг холбогдох албаныхан тайлбарлалаа. Мөн инженерийн шугам сүлжээг шийдэх, орон сууцны борлуулалтыг дэмжих чиглэлд анхаарснаар гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжиж байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тодотгосон.  Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж буйн дээр газар эзэмших, ашиглах, өмчлөх зөвшөөрөл авах, төлбөр төлөх гэхчлэн газартай холбоотой бүхий л  үйлчилгээг  цахим хэлбэрт шилжүүлж байгаа зэргээс шалтгаалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын асуудал болоод нийслэл хотод иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг нэмэгдүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлыг шинээр нэмэх, газрын зөрчил арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлан НИТХ-ын тогтоол гаргалаа.

Ханын материалд “Ногоон орон сууц” төсөл хэрэгжүүлнэ

НИТХ-ын хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь “Улаанбаатар хотын  ногоон орон сууц төсөл” байсан юм. Энэхүү төсөл нь Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороо Ханын материалд дөрвөн га газарт баригдах бөгөөд 712 айлын төвлөрсөн хангамж, үйлчилгээнд хамрагдсан, эрчим хүчний хувьд үр ашигтай зарцуулалттай байхаар төлөвлөж буй юм. Төслийн хүрээнд 31-72 ам метр бүхий 1-3 өрөө 712 айлын орон сууц /есөн давхар есөн барилга/, 292 дулаан зогсоол, 740 ам метр худалдаа үйлчилгээний талбай бий болох юм. Төслийн нийт санхүүжилт 30.2 сая ам.доллар, үүнээс 20 сая ам.долларыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох аж. Төслийн хүрээнд орон сууцны барилга байгууламж болон холбогдох дэд бүтцийн нарийвчилсан зураг төслийг мөн боловсруулна. Төслийг 2025 он гэхэд дуусгасан байхаар төлөвлөжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдлээ.

Баянхошуу, Өнөр хорооллын болон Нарны замыг өргөтгөнө

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хурцадмал байдалд ороод байгаа. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд нийслэл боломжит бүх хувилбарыг ашиглаж,  олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж буй юм. Тэдгээрийн нэг нь Дэлхийн банк. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр “Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл”-ийг  Дэлхийн банкны зүгээс дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн НИТХ-д танилцуулж, дэмжлэг хүссэн.

“Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл”-ийн хүрээнд Баянхошуу орчмын 5.6 км, Өнөр хорооллын 2.3 км, Нарны замын 9.8 км нийт 17.7 км замыг сэргээн засварлаж, өргөтгөхийн дээр авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн зам гаргахаар тусгажээ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх явцад тээврийн ухаалаг систем нэвтрүүлнэ. Мөн шинэ хэвтээ тэнхлэгийн авто замыг бий болгох зорилгоор Нарны замын баруун өргөтгөл 6.9 км, Нарны замын зүүн өргөтгөл дөрвөн км, шинэ босоо тэнхлэгийн  коридор 6.7 км, нийт 17.6 км авто замын өргөтгөлийг хийнэ.

Түүнчлэн тээврийн ухаалаг систем буюу замын гэрлэн дохионы удирдлага, ашиглалтын компьютержсон систем ба түүний тоног төхөөрөмжийг багтаасан замын хөдөлгөөний удирдлагын төвлөрсөн системийг шинэчлэх, авто зогсоолын удирдлагын ухаалаг системүүдийг бий болгохоор тусгасан байдаг. Энэхүү төслийн ТЭЗҮ, судалгааг ирэх 2022 онд хийж, бүтээн байгуулалт 2023 оноос эхлэх юм. Төслийг хэрэгжүүлэхийг НИТХ дэмжихээ илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

TAGS: