“Хууль тогтоогчид тамхийг хүн төрөлхтний түүхэндээ бүтээсэн хамгийн хортой зүйл гэж үзэж байна” гэсэн өгүүлбэрээр АНУ-ын Хавай муж улсын конгресст хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төсөл эхэлдэг байна.
Уг хуулийн дагуу Хавайд 2024 он гэхэд тамхи зарахыг бүрэн хориглох юм.
Тус муж улс АНУ дотор тамхины эсрэг хамгийн хатуу хуультай бүс нутагт тооцогддог. 2016 онд Хавайд тамхи худалдан авагчийн зөвшөөрөгдөх насны босгыг 21 болгосон нь Нэгдсэн Улсад анхны тохиолдол байв.
Харин одоо хэлэлцэх гэж байгаа шинэ хуулийн дагуу насны босгыг 2020 онд 30, 2021 онд 40, 2022 онд 50, 2023 онд 60, 2024 онд 100 болгох юм.
Ингэснээр Хавай мужийн дэлгүүрүүдийн лангуунаас тамхийг бүрэн зайлуулж, зөвхөн жуулчид өөрсдийн авч ирсэн тамхиа хэрэглэж болох гэнэ.
Азаар 100 насны босгыг давж чадсан Хавайчууд тамхи худалдан авах эрхтэй үлдэнэ.
Шинэ хуулийг батлагдахад тохиолдох хамгийн том саад нь тамхинаас олдог татварын орлогыг хэрхэн нөхөх асуудал юм. Хавай муж улс жил бүр тамхины татвараас $100 сая орчмыг олдог байна.
Уг асуудлыг шийдэж чадвал хууль нь батлагдах өндөр магадлалтайг санаачлагч конгрессийн гишүүн Ричард Крейган ярьжээ.
АНУ-ын холбооны хуулинд тамхи худалдан авах насны босгыг 18-аас дээш байх ёстойг заасан байдаг. Муж улсууд энэ шаардлагад нийцүүлэн өөр өөрийнхөөр тогтоодог байна. Одоогоор ихэнх муж улсуудад тамхи худалдан авагчийн зөвшөөрөгдсөн насны босго 18 байдаг бол дөрвөн муж л 19 болгон өсгөжээ.
Эх сурвалж: CNN