Нийслэлд дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан энэ сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Мөн энэ өдрийн ажлын цагийг 10.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Гамшгаас хамгаалах сургуулийн гол зорилго нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох юм.
Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулах аж.
Сургуулийн нэгдүгээр шатанд газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ.
Хоёрдугаар шатанд “Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулснаар үргэлжилнэ.
Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдахаар төлөвлөөд байна.
Гуравдугаар шатанд Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна.
ИРГЭД ЮУ ХИЙХ ВЭ
25-ны өдөр иргэдийг хамруулах дадлага сургуулилалт болно. Энэ өдөр өглөө 08:00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугаргаснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах учиртай.
Гурван цагийн хугацаанд иргэд хүлээцтэй байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна” гэж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд, мөн орон нутгаас хот руу орж ирэх хөдөлгөөнийг ч зогсооно.
Газар хөдлөлтийн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийг түр цугларах аюулгүй талбайгаас түр амьдруулахаар “Нүүлгэн шилжүүлэлт”-ийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт урьдчилан жишиг байдлаар бэлтгэсэн талбайд, бусад дүүрэгт гэнэтийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэхүү гурван дүүргийг онцлон сонгосны учир нь Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тухайн гурван дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тиймээс энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн түвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж байгаа онцлогтой.
Сургуулилалтын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд, мөн орон нутгаас хот руу орж ирэх хөдөлгөөнийг ч зогсооно гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдэгджээ. Гэхдээ онцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагын автомашиныг хөдөлгөөнд оролцуулах юм байна.
Эх сурвалж: НОБГ