“Уотфорд”-ын хагас хамгаалагч Этьен Капугийн хурд хэтрүүлсэн хэргийг шийдэх шүүх хурал болсон байна. Хөлбөмбөгчинг 70 км/цаг-аас дээш хурдтай явах ёсгүй газар 116 км/цаг-ийн хурдтай давхисныг цагдаа нар нотолсон тул 1666 паундаар торгож, жолоо барих эрхийг нь гурван сараар хасжээ.
Гэхдээ шүүх дээр 30 настай франц тоглогчийн өмгөөлөгчийн хэлсэн үг олны анхаарлыг гойд татжээ. Өмгөөлөгч хэлэхдээ “Манай үйлчлүүлэгч ажлаасаа хоцрох гээд байсан тул хурд хэтрүүлсэн” гэж мэдүүлсэн байна. Мэдээж, шүүгч нар үүнийг зөв гэж хүлээж авсангүй. Гэхдээ өмгөөлөгч цааш нь өгүүлэхдээ “Уотфорд”-ын ахлах дасгалжуулагч Хави Грасиа бэлтгэлээс хоцорсон минут тутамд 1000 паундын торгууль тавих дотоод журам гаргасныг дурьджээ.
Гурван хүүхдийн эцэг Этьен Капу шүүх хурал дээр өөрөө очилгүй, өмгөөлөгчөө илгээхдээ уучлал гуйж, гэмээ ухаарсан утгатай үгстэй захидал шүүгчид илгээсэн гэнэ. Захидал дээр “Маш чухал бэлтгэлтэй байсан тул…” гэж бичсэн байж.