Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондох хотгор буюу Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 100 орчим зүйл ургамал тархсан нь экологийн өвөрмөц бичил орчинтойг илтгэдэг. Аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтдын хоёр …
Хатан заяаг тэгшлэх “Ээж хайрхан”




Есөн тогоо: Есөн тогоо нь Ээж хайрханы зүүн өвөрт чулуулгийн судал дагаж хойноос урагш цуварч байрласан есөн тусдаа хадан хүнх юм.
Тогоо бүр устай байх бөгөөд хоорондоо 40-50 см чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно.
Нэгээс гурав дахь тогооны диаметр нь 1-3 метр байдаг бол дөрвөөс найм дахь тогооны диаметр 5-6 метр өргөн байдаг.
Гарал үүслийн хувьд боржин чулууны ан цавыг дагаж үүссэн бөгөөд тогоонуудын гүн 2-8 метр юм. Ес дэх тогоо дээд талын тогооноос 7 метр гаруй хол оршдог.
Найм дахь тогооны төгсгөлд хадан дэвсэгийн зай завсраар хэдэн том бургас ургасан байдаг ба нутгийн ардууд эрт үеэс хүндэтгэн хадаг яндар өлгөж сүсэглэн залбирч иржээ. Есөн тогооны эхэнд бяцхан баянбүрд үүссэн байх бөгөөд үүнийг нутгийнхан “Даяанч ламын зуслан” хэмээн нэрлэдэг.
Харин ес дэх тогооны төгсгөл хавьд газрын гүнээс булаг маягтай шүүрдэг ус байдаг нь хур бороо элбэг жил тогоонуудаас ус халин задгайрч жижиг булаг үүсгэн хад даган урсаж хөрсөнд шингэдэг байна.
Тогоонууд бүгд дүүрэн устай бөгөөд ногоон өнгөтэй, хүхэрлэг чанартай, тогоо бүрийн ус өөр өөр амттай байдаг. Эдгээр есөн тогоонд байх усыг судлаачид рашааны шинж чанартай болохыг тогтоосон байна. Нэгээс зургаа хүртэл тогоо руу төвөггүй очиж болох ба долоо, найм дахь тогоо руу очиход бага зэрэг бэрх байдаг.
Хальтирч унахаар мөлгөр налуу бөгөөд гишгэдэл алдвал тэр чигээр тогоо руу өнхрөөд орчихоор ажээ. Тогоо бүрийн гүн харилцан адилгүй бөгөөд хүн живж үхсэн тохиолдол ч байдаг байна.

