ХӨВСГӨЛ: Гэр бүлийн өдрөөр таван хос хуримлав

Гэр бүлийн өдрөөр таван хос хуримлав

Хөвсгөл аймагт зуны эхэн сарын Дашнямтай билэгт сайн өдөр 5 хос гал голомтоо бадраан хуримаа хийлээ.

Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” залуу гэр бүлүүдийн хуримын ёслолыг Мөрөн сумын ЗДТГ, Эрдэнэт хотын хуримын ордонтой хамтран зохион байгуулав.

Тус ёслолд салбар бүрт манлайлагч 40 гэр бүл насан туршдаа бие биенээ хүндэтгэн амьдрахыг бие биедээ андгайлж буй хосуудын гэрчээр оролцлоо.

Мөн байгууллагын эцэг эхийн зөвлөлийг чадавхжуулах сургалт, “Аз жаргалтай гэр бүл” хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ, “Хүүхэддээ бахархах хүн нь байя” эцэг эхчүүдийн хэлэлцүүлэг, “Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөн, явуулын үйлчилгээ, “Хурдтай хөгжилтэй багачууд” спорт өрөлтийн гэр бүлийн өдөрлөг тэмцээнийг зохион байгуулах ажээ.