Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд “Мэдээлэл технологийн сорил-III” улсын уралдааныг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын дунд зохиогддог тус тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн 12-23 насны 42 хүүхэд залуус оролцож байна.
Өдгөө 3 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээн оролцогчдын бэрхшээлийн төрлийг харгалзан харааны, сонсголын, тулгуур эрхтэний, оюуны бэрхшээлтэй гэсэн 4 төрөлд хуваан төрөл тус бүрээс эхний 3 байрт шалгаруулдаг уламжлалтай.
Харин төрөл тус бүрээс алтан медаль 1-р байр эзэлсэн оролцогч Ази-Номхон далайн бүсийн “GLOBAL IT CHALLENGE” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авдаг.
Үндэсний аваргаа шалгаруулахаар улсын хэмжээнд зохиогдож буй 3 дахь удаагийн тэмцээнд оролцогчидоос гадна тэдний асран хамгаалагч 32 эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд байрлаж байна. 500 хүүхдийн хүлээн авч, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус төв хөдөө орон нутгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эцэг эхийн хамт 7-14 хоногийн турш байршуулан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа Монголын анхны том төв билээ.
Үйл ажиллагаа нь жигдрээд байгаа тус төв тэмцээний оролцогчдод шаардлагатай үед сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байдалд ажилласан юм.
Сэргээн засах тусламж, үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн стандарт нийцсэн ая тухтай тохилог орчинд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хамт олонд тэмцээний оролцогчид болон тэдний эцэг, эхчүүд талархаж байлаа. Тэмцээний дүнгээр харааны бэрхшээлийн төрөлд тэргүүн байрыг 116-р тусгай сургуулийн сурагч У.Чанцалдулам, дэд байрыг Баянхонгор аймгийн “Номгон” цогцолбор сургуулийн сурагч Б.Балжир, гуравдугаар байрыг Завхан аймгийн 2-р сургуулийн сурагч С.Энхжин нар эзэлсэн байна.
Сонсголын бэрхшээлийн төрөлд тэргүүн байр буюу алтан медалийг Төв аймгийн Заамар сумын 1-р сургуулийн сурагч Ж.Мишээл, дэд байрыг Хөвсгөл аймгийн “Ирээдүй” цогцолборын сурагч Б.Хулан, гуравдугаар байрыг Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн сурагч Н.Бат-Эрдэнэ нар тус тус эзэллээ.
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхэд залуусын төрөлд алтан медалийг СЗСҮТ-ийн МБУЧОС-ийн сурагч Э.Мягмарсүрэн авсан бол дэд байрыг Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн сурагч Д.Жигмэд, гуравдугаар байрыг Дорнод аймгийн оролцогч Б.Амар нар эзэлсэн байна.
Оюуны болон бусад бэрхшээлийн төрөлд тэргүүн байр буюу алтан медалийн эзнээр СЗСҮТ-ийн МБУЧОС-ийн сурагч Э.Уугантөр шалгарч, дэд байрыг Орхон аймгийн 1-р сургуулийн сурагч Г.Бат-Ирээдүй, гуравдугаар байрыг Орхон аймгийн МСҮТ-ийн сурагч О.Сүхбат нар тус тус эзэлсэн юм.
Ур чадвараараа бусдыгаа манлайлсан алтан медалийн эзэд ирэх 11-р сард Солонгос улсын Пусан хотыг зорихоор болсон.
Ази-Номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын дунд энэ онд 9 дэх жилдээ зохиогдох “GLOBAL IT CHALLENGE” тэмцээнд манай улс 2017 оноос эхлэн оролцож эхэлсэн. 2019 оны Ази Номхон далайн бүсийн тэмцээн БНСУ-ын Пусан хотноо ирэх 11 сард болно.