Суурин соёл иргэншилд шилжээд харьцангуй нэг их удаагүй монголчууд бид байгальд ээлтэй амьдрах уламжлалт өндөр соёлтой байсан билээ. Одоо ч бид тэрхүү уламжлалыг үр хүүхдэдээ өвлүүлэхэд оройтоогүй бөгөөд нөхцөл байдалд уялдуулан тайлбарлаж өгөөрэй.
Нүүдэлчдийн оршин тогтнох зайлшгүй шаардлагаас үүдэлтэй байгаль орчинтойгоо зохицон амьдрах дадал хэвшил хэрхэн уламжлагдаж ирснийг товч дурдъя.
Монголчууд бараг бүх хэрэгцээг хангадаг үндсэн аж ахуй нь байгалиас бүрэн хараат учраас байгалийг амьдралын эх булаг гэж үзэн энэхүү эх булгийг үгүй хийвэл амьдрал нь дуусгавар болохыг ухаарч иржээ.
~Байгаль орчинтойгоо зохицон амьдрах дадал ХҮҮХДЭД суусан байх ёстой…~
Гол усыг бохирлож, мод бургасыг хамаагүй огтолбол гол ус ширгэж, хөрс, өвс ургамал хатдаг, ан амьтныг олноор нь агнаж тоо толгойн зохист харьцааг алдуулбал амьтны болон ургамлын аймгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарч бэлчээр доройтдог зэргийг олон зуун жилийн нүүдэлчин амьдралын туршлагаараа мэдсэний үндсэн дээр тэд байгаль орчиндоо болгоомжтой хандаж, хайрлан хамгаалсаар иржээ. Мал аж ахуйгаа хөтлөхдөө ч хөрс бэлчээрээ доройтуулахгүй байхад чиглэсэн нарийн дадал хэвшлийг баримталж иржээ.
Үүнд, бэлчээрийг цаг улирлын байдал, хол ойр, газарзүйн бүс бүслүүр, ургамлын бүрэлдэхүүн, мал сүргийн тоо толгой, сүргийн бүтцийг харгалзан хувааж ашиглах, бэлчээрийг өнжөөж амраах, хурлуулах, шинээр нээх зэргээр ашиглахын сацуу, гал түймрээс сэргийлэх зэргээр өдөр тутамдаа ч байгалиа хөндөхгүйг хичээж ирсэн байна. Ингэхдээ аль болох нөхөн сэргэх нөөц, тухайлбал цас, хөрзөн, байгалийн сул чулуугаар хашаа хороо барьж аргал хөрзөн, хатаж унасан гишүү мөчир түлшиндээ хэрэглэх зэрэг хэвшлийг мөрддөг байв.