Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1003922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 57568 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр олгогдоогүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499950 дугаар байдгаас өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсээд байгаа аж. Иймд нийслэл хотод олгогдох дугаарын нөөц дууссантай холбоотой шинээр улсын дугаарын сери болох “УАА” серийг /2019.07.24/ олгохоор болжээ. Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох бөгөөд https://burtgel.transdep.mn/ цахим хуудсаар нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэйгээр сонгох боломжтой гэнэ.
АТҮТ-өөс Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран олон нийтийн сүлжээнд “улсын дугаар авна, зарна” гэсэн 7 бүлгэмийг хааж улсын дугаар наймаалцахтай холбоотой үйл ажиллагааг таслан зогсоосон бөгөөд цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаанд иргэний хурууны хээг уншуулан бүртгэл хийхээр ажиллаж байгаа аж.