2019-10-28

Д.Тангад гуай тэнгэрт халилаа…

Монголын улс төрийн буурал түүхийн 100 жилийн хугацаанд 100-аад зохиомол гэмт хэрэг гарсаныг түүх гэрчилдэг. Түүний нэг, тухайлбал 1964 онд “Намын эсрэг бүлэг” гэгч зохиомол улс төрийн гэмт хэргийг сүр дуулиантай зарлаж, олон түмнийг айдас хүйдэст автуулж, булчингаар нь хариу авах арга хэмжээг хэрэгжүүлж, Монголын өнцөг булан бүрт, улс орон даяар тэднийг хэлэлцэн шүүж “улс төрийн гэмт хэрэгтэн, “тэрс үзэлтэн”-ээр тодорхойлж, 300-аад сэхээтнийг буруутгаж, улмаар хамсаатан, найз нөхөд, гэр бүл, садан төрлийн 1200 гаруй хүмүүсийг хоморголон оюун санааны болон эд материалын хохирол учруулж, орон сууцы нь хурааж, монголын хамгийн хязгаар нутагт цөлсөн эмгэнэлт түүх саяхных. Тэрхүү зохиомол хэргийн бүлгийн гол толгойлогч Ц.Лоохуузын дүү гэдгээр тухайн үеийн Сангийн яамны орлогч сайд Д.Тангадыг хэлмэгдүүлж Увс аймагт, дараа нь Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд цөлж, улмаар Төмөр замын Барилгын ангид тэтвэрт гартлаа ажилласан байна. Ажиллах хугацаандаа хамт олондоо нэр хүнтэй ажил хэрэгч найдвартай хүн гэдгээ алхам тутамдаа харуулж байсаныг өнөөг хүртэл олон хүмүүс ярьдаг юм билээ. 1990 -ээд оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаасаа оролцож, залуучуудад ахмад хүний талаасаа болон улс төрийн өндөр мэдрэмж, туршлагаа уламжлуулан зөвлөж, тусалж ажиллаж байсныг ном, тохимол, хэвлэл мэдээлэлд баримт болон үлдсэн байдаг. Ингэж бүх насаараа эрх чөлөөгүй, хугацаагүй цөлөгдсөн ч, ардчилсан хувьсгалын ач буянаар цагаатгагдаж, эрх чөлөөтэй болсон байна. Түүний монголын ардчилалд оруулсан хувь нэмэр, монголын нийгэм эдийн засгийн үйл хэрэгт оруулсан гавъяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Монгол Улсын Гавъяат эдийн засагч эрхэм цолыг хүртээсэн байна. Д.Тангад гуайн гэгээн дүр монголын нийт ард иргэд болон хэлмэгдэгсэд, хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдүүд, ач, зээ нарын сэтгэл зүрхэнд үүрд дуурсагдан мөнхрөх болно. Таны алтан шарил монголын газар нутагтаа тайван нойрсдоо. Ум мани бад мэ хум. МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Д.ЦОГТБААТАР ХОЛБООНЫ ХАМТ ОЛОН 2019.10.28.

TAGS: