Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж “УБДС” ТӨХК нь Эрчим хүчний яамтай хамтран нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2018 онд тус компанийн инженерүүд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, КТМС, Манбадацан хийд орчмын гэр хорооллын бүсэд байрших 21 иргэн, аж ахуй нэгжийн барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох судалгаа, тооцоог хийж гүйцэтгэн Эрчим хүчний яамнаас №11/2018 тоот техникийн нөхцөл олгогдсон.
Тендерт ажлын гүйцэтгэгчээр “Гом-Илч” ХХКомпани шалгарч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2ф125-150 мм-ийн голчтой 200 орчим метр дулааны шугам шинээр татах ажил, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий ДДТ-ийг барих ажлуудыг 2019 оны 11 дүгээр сард багтаан хийж дуусгасан.
Улмаар 2019-2020 оны халаалтын улиралд тус компанийн инженерүүд хяналт тавьж зохион байгуулан барилгын узельдээ тоноглол угсарч дулаан авахад бэлэн болсон 9 иргэн, аж ахуй нэгжийн үйлчилгээ болон амины орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаан хангамжид холболоо.
Цаашид дараагийн ээлжинд тус бүсэд байрлах бусад нам даралтын зуухнаас халдаг иргэн, аж ахуй нэгжийн барилга, обьектуудыг төвлөрсөн дулаанд холбохоор төлөвлөн ажиллаж байна.