Тээврийн цагдаагийн албанаас энэ өдрийн тухай мэдээлэл өглөө. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан бөгөөд энэ жилийн “Хичээх өдөр” маргааш тохиож байна.
Албаныханы өгч буй баримтаас үзэхэд, манай улсад жилд дунджаар 600 орчим хүн зам тээврийн осол, хэргээс хамааралтайгаар цаг бусаар амь насаа алдаж байна. Өөрөөр хэлбэл, нэг хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтдэг бол нэг хоногт 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн статистик тоо гарчээ.
“Хичээх өдөр”-ийг энэ жил зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ өдөр зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх, осол хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Үүнтэй холбоотойгоор маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-ний 11:00-11:10 цагийн хооронд Улаанбаатар хотын гол уулзваруудыг хаах юм байна.