2019-12-09

Ханан пийшингийн эвдрэл гэмтлийг гэрт нь очиж засварлаж эхэллээ

zuuh
Иргэдийн ханан пийшингийн эвдрэл гэмтлийг гэрт нь очиж засварлаж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас ажиллуулж эхэлсэн.

Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан.

Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг тогтоож, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг газар дээр нь буюу гэрт нь очиж засварлан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар засварын багийнхан угаартах эрсдэл өндөртэй 167 өрхийн ханан пийшин, янданг засварлаж өгсөн бөгөөд галлагааны улирал дуустал ажиллаж, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах юм.

Ингэснээр шахмал түлш хэрэглэдэг Хан-Уул дүүргийн айл өрхүүдийн зуух, яндангийн ан цав үүссэн нөхцлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй болж байна.