Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор /2019-12-09/-ны өдөр “Залуусын манлайлал хөгжлийн форум”-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оюутан залуучуудад хандаж “Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо чухал. Оюутан залуучууд та бүхэн мэдлэг боловсролтой, авъяас чадвартай байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Залуучууд та бүхэн ирээдүйн хөгжлийг тодорхойлно. Үүний тулд хандлагаа өөрчилж, хичээх ёстой. Мэдлэгтэй, туршлагатай байх албагүй гол нь хичээл зүтгэлтэй байхад бүхнийг хийж чадна” хэмээгээд “Залуусын манлайлал” сэдвээр илтгэлээ хэлэлцүүллээ.
Тэрбээр илтгэлдээ “Залуучууд та бид залхууралгүй хөдөлмөрлөж чадах юм бол амжилт үргэлж дагана. Зорилготой тэмүүлэлтэй хүнд хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг ч давж гарах сэтгэлийн зоригтой байх хэрэгтэй. Өнөөдөр залуучууд та бүхэн хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон. Дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж буй энэ цаг хугацаанд хөгжилд хүрэх эхний алхам бол хандлагаа өөрчлөх юм. Манлайлал гэдэг бол бүтээлч байдлыг хэлнэ. Тиймээс оюутан залуус та бүхэн хөдөлмөрлөж, оюунлаг ирээдүйг бүтээгээрэй. Иргэдийн оролцоотойгоор хотын хөгжил тодорхойлогдох учиртай. Иймд залуусын манлайлал хөгжлийн форумаар дамжуулан улс орны хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүрэг бүрт энэхүү форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Тус форумын үеэр “Нийгмийн ардчилал” Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Залуусын соёл”, “Нийгмийн ардчилал” Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Г.Батдорж “Залуусын хөгжил”, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Залуусын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
“Залуусын манлайлал хөгжлийн форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар, УИХ-ын референт Д.Золбоо, Сант сургуулийн захирал Стэнфорд их сургуулийн төгсөгч З.Эзэнмөнх, “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат, Lav-2 Think-thank төвийг үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн нар Монголын хөгжилд залуусын оролцоо болон оюутан залуучуудын хөгжлийг хэрхэн дэмжиж ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс