2019-12-16

Автозам ашигласны төлбөр шинэчлэх шийдвэр хүчингүй боллоо

zam-ashiglasnii-tolbr
Автозам ашигласны төлбөр шинэчлэх шийдвэр хүчингүй боллоо

НИТХ-ын хуралдаанаар 12 дугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Улмаар “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах юм.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгсний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг хуучин буюу 2013 онд баталсан хэвээр үлдэхээр тооцоолол хийж, төсөвт өөрчлөлт оруулахаар төлөвлөн асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн барьсан байдаг.

Авто зам ашигласны төлбөр, хураамжийг хэвээр үлдээснээр газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, зарим урсгал зардлыг хэмнэж тэнцвэржүүлэхээр тооцсон байна. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг өнөөдөр /2019.12.16/ 11.00 цагт хуралдуулахаар тогтсон ч ердөө 30 минутын өмнө эхэллээ. Хурлаар нийслэлийн ИТХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, мөн өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.

~Автозам ашигласны төлбөр шинэчлэх шийдвэр хүчингүй боллоо~

Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэв.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Автозамын төлбөрийг нэмнэ гэдэг нь өдөртөө 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замаар зорчиж болно гэсэн логик ойлголт. Хамгийн гол нь энэ саналыг дэвшүүлсэн нь эрүүл үзэгдэл гэж харж байна. Манай иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Нэг жилийн настай автозам тавимааргүй байна. Явган замыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилд 27 км дугуйн зам барьсан. Тиймээс 2020 оны төсөвт 100 км явган хүний зам, 100 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ мэт зүйлээс шалтгаалж замын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Нийслэлийн автомашин ашигласны төлбөрийг нэмж, автозамыг сайжруулахаар шийдвэрлэсэн. Хэрэв өнгөрсөн жил энэ санал дэвшээд явсан бол хэн ч эсэргүүцэхгүй байсан. 6-7 сарын дараа сонгууль болох учраас нийслэлээс санаачилсан ажлыг таслан зогсоож байна л гэж харж байна. Энэ бол цэвэр улс төржилт” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Хоёр долоо хоногийн өмнө ИТХ хуралдаж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмж, хотын төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаж байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс 2020 оны төсвийг 14 хоногийн өмнө хэлэлцэхэд оролцоогүй. Үүний нэг гол шалтгаан нь авто зам ашигласны хураамжийг тав дахин өсгөх байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр юмны үнэ өсч, хүн амын бодит орлого буурсан энэ үед татварыг нэмэх нь тохиромжгүй гэж үзээд хурлыг хаяж гарч байсан удаатай. Нийслэлээс иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй байх боломж бий. Өнөөдрийн хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй байгаа учраас хотын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаахаар шийдсэн. Хотод бий болсон хөрөнгийг улсад тушаачхаад, хотын иргэдээс татвараар нэмж мөнгө авна гэдэг бүр шударга бус” гэв