ЭЕРЭГ: Хүүхдийн 30 ортой тасаг ашиглалтад орлоо

EMNELEG-HAN-UUL-01
Хүүхдийн 30 ортой тасаг шинээр ашиглалтад орлоо

“Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа.

Тус нэгдсэн эмнэлгийн хоёр давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий нэг давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж.

~Хүүхдийн 30 ортой тасаг шинээр ашиглалтад орлоо~

Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, ХУД-ийн ЗДТГ-аас хэвтэн эмчлүүлэх ор, шүүгээ бүхий 50 гаруй сая төгрөгийн тавилга, эд хогшлоор хангасан байна.

Тус нэгдсэн эмнэлэг хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед 30 ортой “Мөрөөдөл” тасаг ашиглалтад орсноор эмнэлгийн хүчин чадал 40 хувиар нэмэгдэж, харьяа дүүргийн 0-16 насны 60 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байна.