Хараад л инээх дүр төрхтэй жүжигчид манай хошин урлагт цөөнгүй бий. Тэдний эгнээнд “Мөрөөдлийн Театр” продакшны жүжигчин Л.Сөрөлт яахын аргагүй багтана. Хошин урлагт хөл тавьсан цагаасаа эхлэн олны анхаарлыг эрхгүй татсаар ирсэн тэрээр энэ байдлаа овжиноор ашиглан нийтийн дууны урлагт хөл тавиад багагүй хугацаа өнгөрчээ.
Өөрөөр хэлбэл, дуулах авьяас гэхээс илүүтэй хошин өгүүлэмжтэй клип, дууны өнгө аяс зэргээрээ олныг мөн л татаж чаджээ.
Тэр дундаа “Хөөрхөн” дууны клип нь хөнгөн өнгө аястай, клип нь хошин өгүүлэмжтэй болсноор олны хүртээл болсон цагаас эхлэн хит болж чадсан бол Дуучин А.ТүмэнӨлзийтэй хамтран хэд хэдэн ХИТ дууны эзэд болсон билээ.
Үүнээс харахад Л.Сөрөлт тун ч менежмент сайтай уран бүтээлч бололтой. Дээр нь охин, хүү хоёртой Л.Сөрөлт сайн аавын үүргээ биелүүлэхийн хажуугаар кино, жүжиг, дуу, клип зэрэг энэ олон ажлыг нэг дор амжуулчихдаг болохоор түүнийг найз нөхөд нь овсгоотой овжин эр хэмээн дүгнэдэг гэсэн шүү.