“Намрын ногоон өдрүүд” ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ

“Намрын ногоон өдрүүд” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор  НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа.

Өмнө нь есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд амжилттай зохион байгуулж, нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгч, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог борлуулж, 770 сая төгрөгийн худалдаа  хийсэн гэсэн дүн гарсан. Мөн үеэр  18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч худалдаа үйлчилгээ явуулсан юм.  Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс хүсэлт гаргасны дагуу  “Намрын ногоон өдрүүд”-ийг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаад байна.

Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд худалдаа эрхлэгчдэд зориулж 60 асар барьж, босгоод байгаа юм. Тэдгээрийн 18-ыг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бол үлдсэн асруудад ногоочид, тариаланчид байршиж, тарьсан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо болон бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй, 10 орчим асар эзэнгүй байна. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд нийслэлээс олгосон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж амжаагүй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэстэй холбогдон худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой. Сүхбаатарын талбай дахь зарим асарт нийслэлийн харьяа газар, алба, агентлагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлаа иргэдэд танилцуулж байна. “Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

TAGS: