Япон улсын Канагава аймгийн Кавасаки хотод хоёр хүн, бага сургуулийн 16 хүүхэд хутгалсан аймшигтай хэрэг гарчээ. Хэргийн тодруулбал гудамжаар дүүрэн хүүхдийн орилоон шуугиан, цагдаа, түргэн тусламжийн тэрэгний сэтгэл хэртхийлгэм дуут дохио гээд дайн байлдаан болсон мэт дүр төрхтэй байгаа ажээ.
Бага насны 1-6 ангийн хүүхдүүд өөрсдийн сургуулийн автобусанд суухаар дугаарлан зогсож байжээ. Гэмт хэрэгтэн автобусны буудлын ойролцоох түргэн үйлчилгээний дэлгүүрийн үүднээс хоёр гартаа хутга барин хамгийн эхэнд хүүхэд хүргэж өгөхөөр явж байсан эрэгтэйг хутгалан, улмаар хүүхдүүд рүү дайрчээ. 50 орчим насны гэмт хэрэгтэн нь хамгийн сүүлд өөрийгөө хутгалсан бөгөөд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн нас баржээ.
Хамгийн эхэнд таарсан эрэгтэй /39нас/ 6-р ангийн охин амь насаа алдаж, олон хүүхэд шархадсан уг хэргийг Японы хэвлэл мэдээллээр бүтэн өдөржин шууд дамжуулж байна.
Юунаас болж, яагаад гэдгийг цагдаагийн мөрдлөгөөр тодорхой болох учиртай бөгөөд хүүхэд хамгаалах асуудлаар яаралтай арга хэмжээ авах тухай хэлэлцүүлэг олон нийтийн дунд явуулж эхэлж байгаа юм байна.
Мөн бага дунд сургуулийн удирдлагууд зөвхөн өөрсдийн байгууллага дээрээ хэрэгжүүлдэг хүүхэд хамгаалах бодлого хангалтгүй учир сургуулийн гадна ойролцоох орчмын газруудад хүүхдийн аюулгүй байдлыг хангах шинэ төлөвлөгөө боловсруулах шаардлагатай хэмээн мэргэжлийн байгууллагууд мэдэгдэж байгаа ажээ.