2019-09-22

Ээж болох мэдрэмжээс ЗӨВ хайр эхэлдэг…

Хорвоогийн жам ёсоор эмэгтэй хүн бүр эх хүн болно. Хэвлийдээ үрээ олсон тэр цагаас 40 долоо хоногийн турш хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх тухай оюун ухаандаа зураглан төлөвлөж, хорвоод хүн болон мэндлэх бяцхан үрдээ хамгийн сайн ээж нь байна хэмээн өөрөө өөртөө амлан, түүнийгээ хүлээх.

Төрөх өдрийг хүртэл хуруу тоолон, хэнийг маань дуурайсан хүүхэд гарч ирэх бол хэмээн догдлон суухад 40 долоо хоног 40 жил мэт урт санагдана.

“Хүүхэд гэдсэндээ уддаг” гэх үг энэ л үед биеллээ олно. Асар их өвдөлтийн эцэст хоёр яс салахад тэсэн ядан хүлээсэн үрийн час хийн уйлах чимээ ээж болсныг илтгэх тэр агшинд сэтгэл зүрх огшин, өөрийн эрхгүй нулимс асгардаг юм билээ.

Хүсэн хүлээсэн үр нь хорвоод дуугаан хадаан мэндлэх тэрхэн хормын төдийд эмэгтэй хүн эх хүн болсноо бие сэтгэлээрээ мэдрэхийн хамт ээжийгээ хамгийн ихээр өрөвдөн, илүү ихээр хайрламаар санагддаг. Ингэж эмэгтэй хүн эх хүн болж, өмнөхөөсөө ч илүү уян зөөлөн, энгэртээ тэврэх бяцхан үрийнхээ төлөө бүхнээ зориулах аугаа их сэтгэлтэн болон хувирах нь юугаар ч тайлбарлаж боломгүй эх үрийн холбоо.

Бяцхан үрээ хэвлийдээ тээж байх үедээ хүүхдээ сайн хүн болгохын тулд хэрхэн хүмүүжүүлэх тухай дотроо зурагласан зураглал нь бодит амьдралтай зөрчилдөх тохиолдол олонтаа. Төрсөн цагаас нь эхлэн хүүхдээ юугаар ч дутаалгүй хангалуун өсгөнө хэмээн олон төрлийн тоглоомоор хүрээлүүлэн, хамгийн чанартай гэснийг нь голж шилж үрдээ л барих эхийн сэтгэлийг буруутгах аргагүй. Гэхдээ насанд нь тохирсон тоглоомууд хүүхдийн хөгжилд нөлөөлөхөөс биш, хүмүүжилд нөлөөлөх нь юу л бол.

~Ээж болох мэдрэмжээс ЗӨВ хайр эхэлдэг…~

Тиймээс олон төрлийн тоглоом авч өгөхөө түр азнаж, үүний оронд хэвлийдээ үрээ олсон тэр үеэс эхлэн хүүхдээ том болтол нь бүүвэйн дуу аялж, унтах бүрт нь үлгэрийн ном уншиж өгч, нүдээ даран нуугдаж тоглон аль болох харилцаа үүсгэж, басхүү өөрийн зөв үйлдлээрээ хүүхэддээ үлгэрлэх нь хамгийн үр дүнтэй арга.

Хэдхэн сартай жаахан үртэйгээ нуугдан тоглоход тэр минь ход ход хийтэл инээх, энгэртээ наагаад эвлэгхэн бүүвэйлэхэд бөх гэгч нь үнэгчлэн унтах, ээжийгээ хажууд нь байхгүй байвал эрж хайн уйлах үр минь үргэлж хэн нэгнийг дэргэдээ байлгахыг хүсэмжилнэ. Тиймээс эд юмсаар хүүхдийгээ хүрээлэлгүй, харин томрон үүрээ орхин нисэх хүртэл нь хамт тоглож, бурууг нь ойлгуулж, зөвийг нь магтан урамшуулж байснаар хүүхэд зөв хүн болон төлөвшиж, зөв хүмүүжилтэй болон өсч торнидог ажээ.

Боль, битгий, буруу!!! Бага насны хүүхдүүдтэй ээжүүдийн өдөрт хамгийн их хэрэглэдэг үгс нь энэ. Судалгаагаар тогтоогдсон энэхүү үгс хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг бол… Болох, болохгүйг дэнсэлж ч мэдэхгүй балчирхан үрсийнхээ чиглүүлэгч луужин нь ээжүүд та бид. Болно, болохгүй гэдэг үгээ ч хараахан сайн ойлгоогүй тэдэнд яагаад гэдгийг нь тайлбарлаж өгөөгүй хэр нь буруутгадгаа урьтал болгодог нь ээжүүд бидний том алдаа.

Болохгүйг нь балчирхан ой тоонд нь эвлэгхэн ойлгуулж өгөхийн оронд ойлгохгүй юм чинь хэмээн уур уцаараар хүчилж, бүр гар хүрэх нь хамгийн аймшигтай. Ганцхан удаагийн энэ үйлдэл шинийг сурч мэдэж яваа үрд тань танаас айж эмээх эхлэлийг тавьж, болохгүй зүйлс дээр хүч хэрэглэх хүмүүжлийг суулгах болно. Хүүхэд аливаа зүйлсийг маш амархан сурдаг.

Тиймээс таны ганц л буруу үйлдэл хүүхдийн тань хүмүүжилд шууд нөлөөлнө гэдгийг эцэг, эхчүүд бид ухамсарлаж, хүүхэд бүхэн дэггүй, сахилгагүй, томоогүй байдаг гэдгийг үргэлж санаж, цагаахан цаас адил хүүхдээ өөрийн зөв үйлдлээр үлгэрлэн хүмүүжүүл.

Эцэст нь, үргэлж үйлдэл бүхнийг нь буруутгаж, загнаж зэмлэхээ урьтал болголгүй шинийг сурч мэдсэн бүхнийг нь “Миний хүү, охин хамгийн мундаг, хамгийн шилдэг нь шүү” хэмээн магтан урамшуулаарай.

Энэ үед хүүхэд илүү өөртөө итгэлтэй болж, үргэлж хүүхэдтэйгээ тоглож харилцдаг харилцаанаас хүүхэд хайрыг мэдэрч, өөртөө итгэлтэй хайрыг мэдэрсэн хүүхэд “зөв” хүн болон төлөвшинө. Тиймээс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх нь эцэг, эхчүүд бидний гарт…

Таны гэр бүлд сайн сайхныг хүсье!