Таны хүүхдэд ХАЗАХ зуршил анзаарагдсан уу…

hazah-zurshil
Таны хүүхдэд ХАЗАХ зуршил анзаарагдсан уу...

Бяцхануудын маань шүд ургах насан дээрээ загатнаснаас болж хазах тохиолдол байдаг. Үүнээс өөрөөр хүүхэд бусдыг хазах хэд хэдэн шалтгаан байдаг ажээ. 

Хэт их эрч хүчтэй хүүхэд

Олон хүүхдийн дунд өөртөө зай талбай гаргахын тулд, эсвэл хэт шуугиантай үед бусдыг түлхэх, хазах үйлдэл ажиглагддаг.

Энэ үед асран хамгаалагч: Хүүхэд ямар үед хазаад байгааг ажигла. Чөлөөтэй, зайтай байлга. Өдөр бүр тогтмол цагт хүүхэд гүйж, харайж болох орчинд 15 минут гаргаж гүйлгэж алхуулж байх. Аав ээж нь уралдаж тоглох их үр дүнтэй байдаг. Бусадтай зөв харьцахад нь тусал. Сайн ажигла. Тоглоомоо ээлжилж тоглоод бусдаас булаалгүй авсан үеийг нь анзаарч уйгагүй урамшуулах.

Өөрийгөө хамгаалах, “би”-гээ мэдрүүлэх

Ихэнхдээ сайн ярьж өөрийгөө илэрхийлж чадахгүй, хэл ярианы хөгжил тааруухан хүүхдэд түгээмэл ажиглагддаг. Өөрийн тоглохыг хүссэн, эсвэл тоглож байсан тоглоомыг нь найз нь авчхаад өгөхгүй бол авахыг хүссэн бухимдлаа гаргах болон өөрийгөө хамгаалж түүнийг хаздаг.

Энэ үед асран хамгаалагч: Хазсан хүүхдийн нүд рүү эгц харж шийдэмгийгээр зэмлээд, булаалдсан тоглоомыг хазуулсан хүүхдэд үлдээх хэрэгтэй. Ингэснээр хазсан бурууг ойлгуулж, хазах нь үр дүнтэй арга биш юм гэдгийг мэдрэх юм. Хазахаа болих хүртэл сайн анзаарч дээрх аргыг уйгагүй хэрэглэх нь зөв.

Сэтгэлийн зовуур ихтэй хүүхэд

Хүүхдийн гэр бүл тайван биш хэрүүл маргаан, зөрчил ихтэй байдаг, эсвэл гэрийн үйлчлэгч, асрагч өөрчлөгдсөн, шинэ дүүтэй болсон үедээ ядарсан, өлссөнөө болон том хүний анхаарлыг татах гэснийгээ ийнхүү түрэмгийгээр илэрхийлж болно.

Энэ үед асран хамгаалагч: Хүүхдэд тусгайлан цаг гаргаж тоглоомоор нь хамтран тоглох, бухимдах үед нь гар утсаар аргалахгүй байх, өвөр дээрээ тэвэрч суулгаад амьтадтай ном уншиж өгөх, илүү их хамт байх хэрэгтэй.

Ямар ч тохиолдолд хүүхдэд гар хүрэх арга замаар асуудлыг шийдэж болохгүй!