НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх гээд гурван дүүргийн хороодыг хэсэгчлэн хувааж, нийтдээ 17 хороо нэмэх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хэлэлцэн Сонгинохайрхан дүүргийн 11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байх шийдвэрийг НИТХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталсан байна.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг нь Сонгинохайрхан. Сонгинохайрхан дүүргийг анх 1992 онд 20 хороо, 115 мянган хүн амтайгаар байгуулсан бол өдгөө 32 хороо, 300 гаруй мянган хүн амтай болсон байна. Тиймээс Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, хороодын тоог нэмэх асуудал хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн юм.
Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан шинээр 17 хороог байгуулах, есөн дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар болжээ.