Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа билээ. Киноны зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа бол ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болжээ.
Тухайн баримтат, түүхэн уран сайхны кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт Москва хотноо амжилттай явагджээ.
Их удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба /Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн/ тоглохоор сонгогдсон байна.
~ОХУ-аас Ю.Цэдэнбалын кинонд дүр бүтээх жүжигчдийг шалгаруулжээ~
Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болсон байна.
ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов тоглохоор сонгогдсон бол Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээхээр сонгогджээ.
Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт ирэх зургаадугаар сард эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.