Төв, Дундговь, Булган аймагт гахайн мялзан өвчин дэгдсэн бол импортоор орж ирдэг гахайн түүхий махны дээж, нийслэлийн зарим рестораны гахай тэжээдэг хоолны үлдэгдлээс тус өвчний ДНК илрээд байна. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ болон НМХЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулуун,
“Азийн орнуудаас орж ирж буй гахайн мялзан өвчин манай улсын махан бүтээгдэхүүнд илэрсэн. Улаанбаатар хотод гахайн мах, гахайн өөх импортлогч 10 аж ахуй нэгж байдаг. Эдгээр ААН 74 цэгт импортоор орж ирсэн гахайн өөх, махыг түгээдэг. Нийт 74 цэгээс 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНК илэрчхээд байгаа юм. Тодруулбал, импортоор орж ирдэг гахайн түүхий махны дээж, нийслэлийн зарим рестораны гахай тэжээдэг хоолны үлдэгдлээс тус өвчний ДНК илэрсэн. Импортлогч 10 аж ахуй нэгжүүдийн гахайн махны дээжүүдийг авч, түгээдэг 74 цэгт нь хориглох хязгаарлалтыг тавьж байна. Үүнээс цааш худалдааны байгууллага, хоол үйлдвэрийн газруудад хориглох арга хэмжээ авч байгаа.
Монгол Улсын хэмжээнд нийтдээ 31 мянган гахай тоологдсон. Үүний 11 мянган гахай нь нийслэл хотод байгаа. Агуулахад 300 тонн гахайн махны нөөц байгаа. Гар дээр тараагдсан байдлаар 1000 гаруй тонн гахайн махны нөөц байна.
Нийслэлд байгаа 130 аж ахуй нэгжийн 17 мянган гахайн голомтийн цэгт хориглолт тогтоож байна. Тиймээс тухайн гахайнуудыг голомтийн цэгээс нүүлгэхгүй. Мөн халдваргүйжүүлэлт хийж, гахайн аж ахуй эрхэлдэг байгууллагуудад хяналт тавьж ажиллах юм.
Мялзан өвчин нь амьсгалын зам, бохир хувцсаар дамжин гахайд халдварладаг юм байна. Тиймээс хүнээр дамжин малд тархах бүрэн боломжтой. Уг вирусийг хүн тээснээр ямар нэг өвчлөлд хүрэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллага хэлсэн” гэж ярилаа.