2020-03-11

Албан шаардлага биелүүлээгүй тохиолдолд ТОРГУУЛЬ тооцно!

horio-coronavirus
Албан шаардлага биелүүлээгүй тохиолдолд ТОРГУУЛЬ тооцно!

Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.

Мөн хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заажээ.

Түүнчлэн илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд халдсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан байна. Иймд иргэд маань төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдаас өгч байгаа санамж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

TAGS: