УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоогч, бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, мэдээллийн технологийн салбарынхан оролцож, мэдээллийн технологиийн хөгжил ба боловсролын салбарт үүсэж буй боломж, тулгамдсан асуудал, ирээдүйн хандлагын талаар хэлэлцэв.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүн төрөлхтөн хүссэн ч, эс хүссэн ч цахим шилжилтийн замд эргэлт буцалтгүй орж байна. Анги, танхимд багшаар шаардуулж хичээл хийдэг цаг үе ард хоцорч, сурч мэдэх чин хүсэл эрмэлзэлд тулгуурласан боловсрол эзэмших хандлага, сургалтын арга барил дэлхий нийтэд голлож эхэлснийг онцлон тэмдэглэлээ.
Мэдээллийн технологийн хөгжил өнөөдөр дэлхийг өөрчилж байна. Энэхүү өөрчлөлт боловсролын салбарыг илүү их хамарч, боловсролын үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсаар байна. Үр дүнд нь боловсролын хүртээмж нэмэгдэж, өртөг буурч байна. Цаашид цахим сургалт улам ач холбогдолтой болно. Цахим боловсрол зөвхөн КОВИД-той холбогдох асуудал биш. Цаашид цахим сургалт, цахим контент, цахим үйлчилгээг яаралтай, чанартай нэвтрүүлэх нь Монголын хүүхэд, залуучууд дэлхийтэй хөл нийлсэн боловсрол эзэмших, улмаар Монгол Улсын боловсролын чанар, үйл ажиллагааг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал алхам болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн илтгэлдээ дурдав.
Дэлхий нийтийг түгшээсэн КОВИД-19 цар тахлаас үүдэн дэлхийн 165 оронд 1.5 тэрбум суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болсон тухай ЮНЕСКО мэдээллэсэн. Түүнчлэн ЮНЕСКО-гоос “Learning never stops” буюу “Суралцахаа хэзээ ч бүү зогсоо” хэмээх уриалгыг гаргаж, зайны сургалтыг зохион байгуулах талаар тэдгээр 165 оронд чиглэл, зөвлөмж хүргүүлээд байна. Тэдний нэг нь Монгол Улс гэдгийг хэлэлцүүлгийн эхэнд онцлов.
~”Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлэг боллоо~
Хэлэлцүүлгийн хүрээнд “Ерөнхий боловсрол дахь цахим шилжилтийн асуудал”, “Дээд боловсрол дахь цахим шилжилтийн асуудал”, “Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал ба боломжууд”, “Санхүү эдийн засгийн их сургууль болон ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд нэвтрүүлсэн системийн танилцуулга” сэдвүүдээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавьж, цахим шилжилт хийхэд анхаарч, сайжруулах шаардлагатай зүйлсийг тал бүрээс нь ярилцав.
Ерөнхий боловсролын салбарын хувьд үндэсний хэмжээнд нэгдсэн платформтой байх, хүүхдүүд теле болон цахим хичээлээ хэр ойлгосон, багш юу анхаарах ёстойг хянах боломж бүхий удирдлагын ухаалаг систем бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн багш нарыг компьютерээр хангах, сургуулиудыг ухаалаг тоног, төхөөрөмж, дүрс дуу бичлэгийн студитэй, мэдээлэл технологийн ажилтантай болгох асуудлыг ч хөндөж байв.
Дээд боловсролын хувьд сургалтын шинэ орчин, цахим технологийг ашиглаж эхэлснээр ихэнх оюутны бие дааж сурах арга барил дээшилж, их сургуулийн удирдлагын мэдээллийн системийн ашиглалт сайжирсан байна. Тулгарсан сорилтыг даван туулж, бага өртгөөр чанартай, хүртээмжтэй боловсрол олгох нэг арга зам бол нээлттэй боловсрол, онлайн сургалт гэдгийг онцолж байлаа.
Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийж үзэхэд манай улсын 100 хүнд 113 гар утас ногдож, иргэдийн 70 хувь нь интернет худалдан авах чадвартай байгаа ч суурин интернетэд холбогдсон байдал нийслэлд 38, орон нутагт долоон хувьтай байгаа нь хүссэн үр дүнд хүрэхээргүй байгааг харуулж байна. Тиймээс мэдээлэл, технологийн салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж зарим төлөөлөл үзэж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид цахим боловсрол, сургалтын бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх, энэ хүрээнд цахим, теле хичээл, онлайн сургалт, зайны сургалт зэрэг нэршлүүдийг тодорхой болгож, нэгдсэн ойлголтод хүрэх, багш бэлтгэх хөтөлбөрт цахимаар хичээлээ заах агуулгыг оруулах шаардлагатайг онцолж байна. Мөн цахим сургалтын зөөлөн болон хатуу дэд бүтцийг шийдвэрлэж, цахим сургалт явуулах таатай орчинг бүрдүүлэхийг төрөөс дэмжихийг хүсч байлаа.