2019-10-17

НҮБ-аас сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх нь богино хугацааны шийдэл мөн гэв

sain-shahmal-tulsh
НҮБ-аас сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх нь богино хугацааны шийдэл мөн гэв

Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг.

Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдэл олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБХХ-ийн захирагч А.Штайнертай уулзсан. Энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, бодлогын зөвлөмж, туслалцаа үзүүлнэ гэдгээ А.Штайнер илэрхийлсэн юм.

~НҮБ-аас сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх нь богино хугацааны шийдэл мөн гэв~

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Гадаад харилцааны яам агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 оноос хойш НҮБ, НҮБХХ, Хүүхдийн сан зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллаж байна.

Тухайлбал сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сард НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Б.Транкманыг хүлээн авч уулзахдаа харилцаа, хамтын ажиллагаагаа агаарын бохирдлыг бууруулахад чиглүүлэх хүсэлт тавьж байжээ.

Мөн өнгөрсөн онд НҮБХХ-ийн захирагчтай уулзан энэ талаар хөндөж, дэмжлэг авах боломжийг эрэлхийлж байв. Түүнчлэн өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзахдаа дэмжлэг үзүүлэхийг хүсч байжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба