2021-01-04

Онгоцны шатахуунаас Эрдэнэт хүртлээ тэлсэн монополь

А.Гансүх, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ гэх Зам тээврийн сайд нарын үед МИАТ, Аеромонголиа зэрэг агаарын тээврийн компаниуд Орос-Монголын хамтарсан Мэргэван компанийн онгоцны шатахууны монополь байдал, үнийн өсөлтийн талаар асуудал дэвшүүлж байсан. Мэргэван гэдэг нь шуудхан хэлэхэд Содмонголын бизнес. Сүүлд Ж.Бат-Эрдэнэ энэ асуудлыг өлгөж авахад нь Ц.Анандбазар Дорноговио хаяад Булганы хүн болж, малын хулгайтай тэмцэх аяныг санхүүжүүлэн барин МАН-аас хамтдаа нэр дэвшиж байгаа юм. Ингээд ялсан, өндөр үнэтэй онгоцны шатахууны асуудал ч дарагдсан. Монопольчлолыг халах байсан сайд асан Ж.Бат-Эрдэнэ, монополь компанид нөлөөтэй Ц.Анандбазар хоёул нэг намаас, нэг аймгаас сонгогдох нь карма юм даа.

Булган аймаг бол газар нутаг том. Нарийн яривал Эрдэнэт хот Булганы нутагт оршдог. Өөрөөр хэлбэл, газрын тосны магнатын сонгогдсон дэвжээнд Эрдэнэт хот оршиж байгаа. Ц.Анандбазар Булганд улс төрөө эхлүүлэхтэй зэрэгцээд Содмонгол группийн Эрдэнэт хариуцсан салбарын захирал Д.Үүрийнтуяа Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор 2019 онд томилогдож байгаа юм. Сонин л тохиол.

Д.Үүрийнтуяагийн томилогддог үе бол ҮАБЗ-өөс Эрдэнэтийн 49 хувьтай асуудал дээр шийдвэр гарчихсан, нөгөө талаас Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоосон цаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн үзэмж шууд бусаар нөлөөлөх магадлалтай үе байсан. Яагаад ч юм, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболдыг 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөд нь Содмонгол ШТС-ын шатахууны эрхээр кампанит ажилд нь тус болсон байдаг. Тэр нь цагдаад хураагдсан талаар З.Энхболд их л ууртайгаар Цензургүй яриагаар уцаарлаж билээ.

За энэ ч яах вэ, гол нь тэр Д.Үүрийнтуяа энэ том үйлдвэрийн ийм хариуцлагатай ажлыг хийх “тасарчихсан амьтан” мөн үү гэж. Гүүглдээд үзвэл, ерөөсөө тэр цагт МАН-аас Булганд дэвших нь тодорхой болчихсон байсан Ц.Анандбазарын шахаа гэсэн мэдээ энд тэнд байх юм. Д.Үүрийнтуяа Эрдэнэт үйлдвэрт ажиллахаас өмнө буюу 2014-2016 онд “Содмонгол групп” ХХК-ийн Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Д.Үүрийнтуяаг Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор томилсны дараа 2019 оны 3-р сараас 2019 оны 12-р сар хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Сод Монгол” компаниас нийт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан гэх баримтууд дэлгэгдсэн нь дуулиан тарьж байв.

2019 ОНЫ 3-Р САРЫН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ

2019 ОНЫ 4-Р САРЫН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ


2019 ОНЫ 5-Р САРЫН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ

2019 ОНЫ 6-Р САРЫН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ

Мөн түүний нөхөр Д.Тамир эхнэр Д.Үүрийнтуяагийн томилгооны дараахан буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн даргаар томилогдсон. Өнөөх Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль юу болох вэ гэж хамгийн тод дуугарсан нь Urug.mn сайтын сэтгүүлч Ч.Болортуяа байх ажээ.

Сэтгүүлчийн зүгээс яагаад Содмонгол компани удаа дараалан Эрдэнэтийн тендерт ялаад байна вэ гэдгийг тайлахаар хичээсэн байна. Дөрвөн тендер зарлахад нэгт нь НИК, гуравт нь Содмонгол. Бас нэлээдгүй шилэн данс, тендер, гэрээний материалууд олж дэлгэжээ. Харин үүнд огт хариу өгсөнгүй. Харин Эрдэнэт үйлдвэрийн өмнөөс Содмонгол компани шүүхэд гомдол мэдүүлж, мэдээлэл бэлтгэсэн хэвлэлээс нэг тэрбум төгрөг нэхэмжилж байжээ.


Тэр явдлаас хойш нэг жил өнгөрлөө. Содмонгол онгоцны шатахууны асуудал дээр монополь тогтоосон. Одоо Эрдэнэтийн шатахуун дээр монополь тогтоосон гэж харж байна. Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээнийх учраас худалдан авалт нь дэлхийн хэмжээний ил тод, шударга байх ёстой. Гэтэл Эрдэнэтийн дэргэдэх Булганых гэдгээрээ юм уу, ялсан нам МАН-ынх гэдгээрээ юм уу, Х.Бадамсүрэнгийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн ажиллаж байсан гэдгээрээ юм уу Содмонгол тендерт нь шалгараад байгаа нь анхаарахаас аргагүй. Эрдэнэт хувийн хэвшлийн компаниудаас хийх худалдан авалтаа солонгоруулахгүй байгаа нь л шалтгааны гол үндэс. Үнэхээр бусад нь хэт өндөр дуугараад, чанаргүй, найдваргүй юм хийдэг бол тэрийгээ зарладаг, тайлагнадаг дэлхийн хэмжээний үйлдвэрийн ил тод байдлаа дага л даа. Тэгэхгүйгээр ганц Содмонголд давуу эрх олгоод байгаа нь, дарга нарын тансаглалд хэдэн тэрбумыг зарцуулаад байгаа нь олон хардлагын эх сурвалж болж байна.

Эх сурвалж: www.urug.mn, www.shilendans.gov.mn

TAGS: