2020-04-10

Т.Бадрал: Гадуур хөл хориотой байгаа ч, иргэдийн хөдөлгөөн маш их байна

Badral
ОБЕГ-ын дарга Т.Бадрал

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрах асуудлаар мэдээлэл хийлээ.

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,

УОК, МИАТ компанитай хамтраад 10-аад тусгай үүргийн нислэг хийсэн. УОК-иос таван шалгуур үзүүлэлт гаргасан. Өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсээ эхний ээлжит татаж авах шалгуур гаргасан. Сөүлд ийм маш олон иргэн байдаг. Тиймээс эдгээр шалгууртай иргэдээс онгоцоо дүүргэж байгаа. Эхний бүртгэлийг хийсний дараа онлайнаар бүртгэж эхэлсэн. Шалтгаан бүрээр тусдаа утас гаргаж, бүртгэсэн. Эхний нээлттэй бүртгэлээр 500 гаруй иргэн бүртгэсэн байсан. Тиймээс хоёр дахь онгоцонд эхлээд бүртгүүлсэн хүмүүсийг авчирсан. Харин Европ, Токиод бол нөхцөл байдал өөр байгаа. Европоос таван үзүүлэлтээр иргэдээ бүртгэх гэхээр Солонгостой харьцуулахад олон хүн байгаагүй. Тиймээс 10 гаруй сул суудал байсан учраас зарим улсаас дамжин хүмүүс ирсэн. Токиод мөн адил Сөүл шиг олон иргэн эмнэлгийн үйлчилгээ авдаггүй учраас ирэх хүмүүс харьцангуй цөөн байсан. Тиймээс дамжин нислэгээр ирсэн иргэдийг бүртгэсэн. Энэ хугацаанд 1800 орчим иргэнээ эх орондоо авчирсан байна. Газрын боомт, төмөр замаар 6000 гаруй иргэнээ авсан. Гадаад харилцааны яам иргэн болгонтой тулж ажилласан. Визийн зөрчилтэй маш олон хүн байсан боловч нэг хүнд ч торгууль тавиагүй. Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа хөл хорионы дэглэм өндөрсгөж байна. Нэг хүнийг нэг өрөөнд 21 хоног байлгана гэж байна. Тиймээс эмнэлгээс гарч байгаа иргэдийнхээ тоог харж байгаад дараагийн онгоцоо нисгэнэ. Иргэд олон орон руу нисэхийг хүсч байна. Гэтэл бид хоёрхон онгоцтой, цөөхөн нислэгийн багтай. Ирээд л карантинд орж байгаа. Карантины хугацаа дуусахаар дараагийн нислэгт гарч байна. Бодит байдал маань ийм байгааг иргэд зөв ойлгох хэрэгтэй.

~Гадуур хөл хориотой байгаа ч, иргэдийн хөдөлгөөн маш их байна~

-ОБЕГ-ын дарга Т.Бадрал,

Нийслэлийн хэмжээнд таван эмнэлэг, дөрвөн сувилал, зургаан амралтын газар, 10 зочид буудал, нэг Элчин сайдын яам гээд 26 тусгаарлах байранд 2614 иргэн байсан. Орон нутагт 13 аймгийн хэмжээнд 1469 иргэн байсан. Энэ хүмүүс Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагын дагуу хяналтаа ороод, шинжилгээ хийлгэж байгаа. Тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудал олон хүний анхаарлыг татаж байна. Өнөөдрийн байдлаар 43 улсад байгаа 7624 иргэн эх орон руугаа буцах хүсэлтээ тавьсан байна. БНСУ-д 2000 орчим, АНУ-1270, Австрали-906, Казахстан-560, Энэтхэг-549, Турк-437, Их Британа-365, Япон-300 иргэн гэсэн тоонууд байна. Одоогоор бид дараагийн онгоцны төлөвлөгөөгөө хийж байна. Энэ сарын 17-нд БНСУ руу явна гэж төлөвлөж байна. Ганц БНСУ-д байгаа иргэдийг авахгүй бусад улсаас дамжин ирж байгаа иргэдийг хамтад нь авахаар ярьж байна. Энэтхэг улстай холбоо барьж байна. Тэнд байгаа хүмүүсийн 300 гаруй нь хүүхдүүд байна. Австралид мөн нөхцөл байдал хүнд байна. Энэ хүмүүсийг яаж авчрах вэ гэдгийг АвстралийнЗасгийн газартай ярьж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 30-наас цааш хорио цээр сунгах тал руугаа яригдаж байна. Мөн өчигдрийн УОК-ийн хурлаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах асуудлыг ярьсан. Боловсролын яамнаас төлөвлөгөө боловсруулж оруулж ирээд дараагийн УОК-ийн хурлаар шийдвэрлэхээр болсон.

Түүнчлэн гадуур хөл хориотой байгаа ч гэсэн иргэдийн хөдөлгөөн маш их байна. Тиймээс ирэх нэг дэх өдрөөс иргэдийн хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт хийх асуудлыг ярьж байна.