Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан оройн 21:30 цагт боллоо. Шуурхай хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат нар танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан
“Улсын онцгой комисс 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 19 дүгээр хуралдаанаа хийж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс сая хуралдав. Европын холбооны улсаас ОХУ-ыг дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос КОВИД-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар-Дархан-Уул-Сэлэнгэ хоорондын орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.
~Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ~
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, мөн энэ хугацаанд хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргалаа” гэв.
Мөн “Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар болон бусад бүх дүүргийн онцгой комиссын албан хаагчид ажиллана. Одоо хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдал цаашид үргэлжилнэ. Үүнд Нийслэл, дүүргийн Төр, захиргааны байгууллагынхан хорогдуулсан цагаар ажиллаж байгаа. Мөн онлайн үйлчилгээнүүд бүрэн үйлчилж байгаа учраас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд ард иргэд амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжөө хэрэгжүүлэх ёстой. Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яам, Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийг сайтар биелүүлж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөе. Маргаашнаас эхлэн цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллүүдийг шуурхай өгч ажиллах болно” гэсэн юм.