2021-04-08

ЭЕРЭГ: Алба хаагчид Өмнөд Суданы иргэдийн амь насыг аварлаа

mongol-tsereg-sudan-ami-awarlaa
Алба хаагчид Өмнөд Суданы иргэдийн амь насыг аварлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны холын эргүүлийн 3 дугаар ээлжийн бүлэг “Юнити” секторын “Маёом” сууринд 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал,  “Маёом” суурингаас 20 гаруй километрт орших “Боуда” тосгонд зэвсэглэсэн этгээдүүд үхэр хулгайлах зорилгоор иргэд рүү халдлага үйлдэж, буудалцаан болсон байна.

~Алба хаагчид Өмнөд Суданы иргэдийн амь насыг аварлаа~

Энэ үеэр зэвсэгт дээрэмчдээс дөрөв, халдлагад өртсөн энгийн иргэдээс 23, нийт 27 хүний амь үрэгдэж, 25 хүн шархадсан байна. Шархадсан иргэдийн ихэнх нь 6-22 насны хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн хэргийн газар цаг алдалгүй очиж, орон нутгийн эмч нартай хамтран шархадсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, “Манкиен” суурин дахь хүмүүнлэгийн эмнэлэг рүү зөөвөрлөжээ.

Эмнэлгийн яаралтай тусламж болон шархтан татан гаргах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан монгол цэргүүдэд “Маёом” суурины дарга Хон Жеймс Чуол Гатлуак “Цагийн байдлын тогтворгүй энэ үед манай сууринд холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа олон иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахад томоохон дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” хэмээн талархал илэрхийлжээ.