Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочиллоо.
“Лантуун дохио” ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.
Тэгвэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө ийнхүү хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа, цаашид ч хийх зүйл их байна хэмээн “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ.
~Хотын дарга “Ид шидийн орон-2” -оор зочилж, багачуудтай уулзав~
Тэрээр “Өнөөдөр хотын дарга гэнэт манай “Ид шидийн орон-2”-оор зочилсонд их баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хандив тусламж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан хувийн хэвшлийн байгуулагууд, тухайлбал “Инержи ресурс”, “Дашваанжил-газ”, “Deutsche Welle” олон байгууллагууд дэмжлэг үзүүлсэн. Мөн гадаадад суугаа монголчуудаас хандив ирүүлсний дээр Увс аймгийн нэгэн эмээ бидэнд 5 шуудай боорцог бэлтгэж явуулсан нь маш их урам өгсөн. Тийнхүү зургаан сарын дотор нэг тэрбум 21 сая төгрөг цугларч 2 байшинд 14 байгууламжийг олон нийтийн оролцоо тусламж дэмжлэгээр богино хугацаанд барьж байгууллаа. Мөн манай сайн дурын ажилтнууд, оюутнууд, эцэг эхчүүд фэйсбүүкээр мэдээлэл сонсоод ямар ч цалин хөлсгүйгээр, хариу нэхэлгүйгээр бидэнд туслаж ажилласан. Одоо ч мөн ажилласаар л байна” гэлээ.
“Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хүүхэд ая тухтай орчинд ном унших, сургалт дугуйланд хамрагдах, олон төрлийн тоглоомоор тоглох гэх зэрэг бүхий л таатай орчин нэг дор бүрджээ.
Хотын захирагч С.Амарсайхан ”Энэ сайхан арга хэмжээнд 200 гаруй залуучууд сэтгэлээрээ, ямар нэгэн болзолгүйгээр оролцсон байна. Би нийслэлийн Засаг даргын хувьд өөрт хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд төвийн үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллана. Залуучууд итгэл сэтгэлээ нэгтгэж ажиллаж чадвал ямар том зүйлийг бүтээж чаддагийн жишээг та бүхэн харуулжээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд руу хандсан, тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн гэгээлэг, бүтээлч, оюунлаг, сайхан ажил болжээ. Хүүхдүүдийн нэрийн өмнөөс та бүхэнд залууст талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм.