Орхон аймаг нь гудамжны хаягжилт хангалтгүй гэсэн үнэлгээтэй байгаа. Тиймээс холбогдох байгууллагын зүгээс Эрдэнэт хотын гудамж, талбайг хаягжуулж, шаардлагатай хэсгийн нэршлийг өөрчлөн шинэчлэх ажлыг хийх үүрэг хүлээсэн байна.
Хаягийн тэмдэглэгээнд тавигдах ерөнхий шаардлагын дагуу нэгдсэн хаягжуулалт хийх бөгөөд 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх юм байна.
Аймгийн Хот байгуулалт, барилга, захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай энэ талаар “Орхон аймгийн хэмжээнд хаягжилт хангалтгүй байгаа. Өнөөдөр бид Сүмийн уулзвар, Барилгачдын талбайн уулзвар гэж нэрлэж байна. Гэтэл Хаягжуулалтын тухай хуулиар жишээ нь, Эрх чөлөөний гудамжны 11 дүгээр байр гэж нэрлэх учиртай.Орон сууцнуудыг анх барихдаа хэрэглэж байсан кодоор бид байрнуудаа нэрлэж байна.
Уг нь гудамжаараа нэрлэгдээд явах ёстой. Аймгийн зүгээс 2017 оноос эхлэн хаягжуулалтын ажлыг өрнүүлж эхэлсэн. Хэрэв хаягжуулалтыг өөрчилбөл бүх албан байгууллага болон иргэдийн иргэний үнэмлэх дээрх хаяг өөрчлөгдөнө. Тиймээс бид иргэдээс санал авсны дараа уг ажлыг гүйцэтгэхээр 2020 он хүртэл хойшлуулаад байгаа” хэмээн тайлбар өглөө.
эх сурвалж: erdenet.info.mn